"Ажнай" группийн эзэн Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн "Тавантолгой" компани Тавантолгойн ордын мөргөцгийн нүүрсийг хулгайлдаг байсан тухай УИХ-ын гишүүн Л.Энхболд удаа дараа мэдэгдэж байсан билээ. Үүнтэй холбоотой "Тавантолгой" компани ч хариу мэдэгдэл хийж байв. 

Тэгвэл уг асуудал үндсэндээ шийдэгдэж, “Тавантолгой” компани төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-н газраас нүүрс хулгайлдаг байсан нь тогтоогджээ.

Энэ тухай ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатар: "Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой” компани өөрөөр хэлбэл, орон нутгийн “Тавантолгой” компани төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-н газраас нүүрс олборлосон байж болзошгүй асуудлыг шалгах ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг шалгалт хийсэн судалгаа, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

 

Энэ дүгнэлтээр жижиг “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн хилийг давж нүүрс олборлосон болох нь тогтоогдсон. Тэд олон жилийн өмнөөс ингэж ажилласан байна.

 

Авлигатай тэмцэх газар, Цадаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтооно. Улсыг хохиролгүи болгох ёстой. Ер нь орон нутгийн өмч нэрээр улсын өмчийг идэж, хулгайлж завшдаг байдал хавтгайрсны нэг илрэл нь энэ. Ийм байдлыг цэгцлэхийг зорьж ажиллаж байна. Орон нутгийн “Тавантолгой” компанид ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ, хууль бус ийм үйлдлүүдийг тус компанид ноёрхлоо тогтоосон “Тавантолгой транс” компани, түүний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эзэмшигч Ажнайн Бат-Эрдэнэ, Дагвадорж нар хийж байгаа байж болзошгүй байна.

Энэ зөрчлийг шалгаж, “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгох шаардлагыг тавьж байна. Жижиг Тавантолгойн олборлосон нүүрсний хэмжээг Гашуунсухайтаар гарсан нь экспорттой харьцуулахад бага байна. Бланс, данс, тооцоо бүртгэлд тусгахгүйгээр нүүрс хулгайлсан нь үндсэндээ тогтоогджээ. Жижиг “Тавантолгой”, “Тавантолгой транс” компанийн ТУЗ-ийн дарга Ажнайн гэх Бат-Эрдэнэ нарын нөхөд ард түмэнд үүнийгээ тайлбарлах ёстой гэж Засгийн газар үзэж байна." хэмээсэн байна. Хэрэв хуулийн байгууллага Засгийн Газрын шалгалтын дүнг үндэслэн шийдвэр гаргавал "Ажнай" группийн эзэн Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй буруутнууд ял эдлэх нь гарцаагүй юм.Мэргэжлийн хяналтын байгууллагын хөнд­лөн­гийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдсон байдаг. 340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг гэсэн үг билээ.

П.Мандах

sonin.mn