Төрийн албанд удирдах алба хаших ганцхан жилийн хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг хувьдаа зарцуулсан үндэслэлээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Очирбатыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн байна. Сүүлд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар ажиллаж байх үед нь зүрхний мэс засалд орсон хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан түүнийг ажлаас нь чөлөөлснөөс хойш сураг алдраад буй тэрбээр АТГ-ынханд дуудагдах болсон аж. Энэ талаар НПГ-аас тодруулахад “ЭМЯ-наас гаргасан гомдлын дагуу АТГ-т шалгаж байгаа нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Д.Очирбат нь тэрбээр өөрийн автомашиныг яамны төсвийн хөрөнгөөр тордож байсан хэрэгт холбогдоод буй гэнэ. Уг нь ЭМЯ сайдынхаа хөдөө ажилд явахад нь зориулсан “Ланд круйзер-200” маркийн нэг л машинтай аж. Тэрнийх нь засвар үйлчилгээнд зориулсан нэрээр тус яамны төсвөөс “Таван богд” компани руу нэг сая гаруй төгрөг шилжүүлсэн байна. Гэвч ЭМЯ-ны машин бус, Д.Очирбатын хувийн эзэмшлийн машин тос солих гэх зэрэг зэрэг нэлээд хэдэн үйлчилгээ хийлгээд гарчээ. Тус яамны эзэмшлийн “Ланд круйзер-200” маркийн автомашинд “Таван богд”-оор бус, “Доктор авто сүлжээ” компанийн инженер, техникийн ажилтнуудаар үйлчилгээ хийлгэдэг гэнэ.

Мөн ЭМЯ-ны төсвөөс “Эй Ар Би Монголиа” (ARB Mongolia) руу есөн сая гаруй төгрөг шилжүүлсэн байжээ. Үүндээ “Ланд круйзер-200” маркийн машинд хийн шахуургатай амартизатор, урд, хойд төмөр буфер, ачаа, хамгаалалт зэргийг авахаар болсон гэнэ. Эрүүл мэндийн сайдын хөдөө ажлын автомашиныг ингэж тоноглох шаардлагагүй гэдгийг яамныхан хэлж буй бөгөөд  “Эй Ар Би Монголиа” компаниас яамны Санхүүгийн алба руу утасдаж, “автомашиндаа хэзээ үйлчилгээгээ авах гэж байна. Есөн сая гаруй төгрөг чинь манай дансанд орж ирсэн” хэмээн лавласнаар энэ явдлыг мэдсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Үүнээс гадна Д.Очирбат ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болмогцоо албан өрөөгөө “Жу жу” гэх компаниар засуулсан нь ч эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл байж болзошгүй байгаа аж.

Түүнд эрүүгийн хуулийн хэдийн хэдэд зааснаар хавтаст хэрэг нээсэн талаар болон хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа