Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг Цэцэг төв, Багшийн дээд, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт нийслэлийн дөрвөн томоохон уулзварт шар тэмдэглэгээг хийсэн.

Гэтэл шар тэмдэглэгээ эхнээсээ арилж эхэлсэн гэх ташаа мэдээлэл цахим хуудаснуудаар нийтлэгдэж эхэлжээ.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад, уг тэмдэглэгээ нь хүйтний улиралд авто замын арчлалт хийх ажил зогссонтой холбоотойгоор замын тоосжилт, тортог, агаарын бохирдол, авто замын гадаргуугийн бохирдлоос шалтгаалж өнгө бүдгэрч харагдсан гэлээ. Мөн Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас авто замын цэвэрлэгээ хийж олон нийтэд харуулжээ.

Хүйтний эрч эхлэхээс өмнө барилгын ажил хийгдэж байгаа энэ үед кран, бетон зуурмагийн машин, хүнд даацын автомашны дугуйнд наалдсан элдэв хаягдал, шавар нь авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гол бохирдуулах нөхцөл шалтгаан болж байгаа аж.