Бага насны охидыг хүчирхийлэх,  цахимаар айлган сүрдүүлэх  төрлийн  гэмт хэрэг тасралтгүй гарсаар байна. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд танихгүй хүнтэй дотносохгүй байхыг сэрэмжлүүлж буй ч үр дүн нь сайн биш хэвээр.

 Эрүүгийн цагдаагийн газрын  ажилтнууд 16-17 насны гурван  охины биеийг бусдад үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлсэн саатуулжээ. Сэжигтнүүд 24-33 насны таван этгээд байсан аж. Айлган сүрдүүлж, дарамталж охидын биеийг  хоногийн 250 мянган төгрөг, цагт 80 мянган төгрөгөөр үнэлүүлж байснаа мэдүүлжээ.  Бэлгийн мөлжлөг үйлдсэн этгээдүүд цагдаагийнханд баривчлагдсан хэдий ч насанд хүрээгүй охидын бие, сэтгэл санааны хохирол гээд олон асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй, цаг хугацаа ч их шаардахаар байна.

Хүчирхийлэлд өртсөн  охидыг хамгаалах байранд хүргэж, сэтгэл заслын эмчилгээ хийж эхэлсэн. Гэмт хэргийн сэжигтнүүд нийлж байр хөлсөлж амьдардаг. Сэжигтэн А,Ч, А, Ө, А нар нь биеийг нь үнэлүүлсэн гурван охинтой цахим орчинд танилцсан байна. Уг хэргийг 2018 оны 3-7 дугаар сарын хооронд үйлдсэн. Охидын зочид буудалд байх үеийн бичлэг, нүцгэн зургийг барьцаалж айлган сүрдүүлэн, эрхшээлдээ оруулан улмаар биеийг нь үнэлүүлэх болсон нөхцөл байдал үүссэн аж. Түүнчлэн охидыг биеийг нь үнэлүүлэхдээ  цаад хүнийх нь утасны дугаараар холбогдож, хүргэж өгдөг, төлбөр тооцоог нь авдаг байсан бололтой. Цагдаагийнхан хэрэг бүртгэл нээж, сэжигтнүүдийг саатуулан шалгаж байна.

Охидын биеийг үнэлүүлэхэд оролцсон такси буюу хувийн машинаараа үйлчилдэг этгээд ч саатуулагдаад буй. Сэжигтэн “Шөнийн 00.00-04.00 цагийн хооронд утсаар дуудахад нь очих ёстой газарт нь хүргэж өгч, авдаг байсан. Ингэж явсны төлбөрт хоногт 50 мянган төгрөг авдаг” гэж мэдүүлсэн байх аж. Сэжигтэн  гэмт хэрэг үйлдэн 5.3 жил хорих ялаар шийтгүүлж, 2016 онд Өршөөлийн хуульд хамрагдсан,эрх чөлөөтэй болсон нэгэн байна. Ийнхүү дахин гэмт хэрэг үйлджээ. Түүнчлэн бусад сэжигтэн дотор ч ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байх аж.