Хичээлийн танхимд хүүхэд хөлгүй болсон асуудлаар хохирогч болон түүний өмгөөлөгч Г.Баасан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2017 оны 10 дугаар сарын 31-нд 33 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б нь ангидаа Ө гэдэг хүүхдэд өшиглүүлж, зүүн өвдөгний тойгоо мултлуулсан байна. Үүнээс хойш хагас жилийн хугацаанд охины биеийн байдал улам хүндэрсэн байна. Шөнө унтаж чадахаа больж үе үе ухаан алдаж унадаг болсон байна.

Энэ асуудлаар охины ээж ” Манай хүүхэд нярай байхдаа рахитттай байсан. Эмч нар биеийн тамирын хичээлд оруулахгүй байхыг зөвлөдөг байсан. Бусдаараа бол эрүүл саруул хүүхэд. Ямар нэг суурь өвчин байхгүй. Сургууль дээрээ байхдаа ангийхан нэг хүү өшиглөсөн гэсэн. Тэгээд манай охин сөхөрч унаад их уйлсан гэсэн. Удалгүй над руу залгаж ээжээ миний хөл өвдөөд байна гээд уйлаад ярьсан. Ийм нөхцөл байдал үүсээд байхад ангийн багш тоосон шинжгүй сууж байсан.

Миний хувьд байр түрээлсэлдэг өрх толгойлсон ээж. Хагас жилийн хугацаанд охины минь бие улам л муудах болсон. Үе үе ухаан алдаж унадаг болсон. Алхаж чадахаа байсан. Эмнэлэгээр явж эмч нартай уулзахад гадагшаа явж эмчлүүлэхээс өөр аргагүй гэдгийг хэлсэн. Миний хамгийн их гомдож байгаа зүйл бол сургуулийн анги даасан багш энэ хугацаанд нэг ч удаа утсаар яриагүй. Биеийн байдлыг нь асуугаагүй. Есдүгээр сард нэг залгасан. Танай хүүхэд хичээлдээ ирэхгүй юм уу гэж хэлээд утсаа салгасан. Харин менежер нь Угаасаа чиний хүүхэд өвчтэй гэж доромжилсон” гэв.