“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд баригдсан нийт дөрвөн эгнээ шинэ гүүр, хоёр эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийн замын хөдөлгөөний нээлт 2018 оны ирэх сарын 2-нд болох гэж байна.

Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп хийгджээ. Яармагийн шинэ гүүр нь 250.2 урт, 20.5м өргөн, 4 эгнээтэй. Шинэ гүүрний шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан юм. Гүүр Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртгөөр боссон. “Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо” ТӨК ажлыг гүйцэтгэж, зөвлөхөөр Монгол Германы хамтарсан компани ажиллажээ.

Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдсан байна. Хуучин гүүрний засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил, явган замын бетон бүтээц гээд төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг дуусгасан байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцох аж.