Өндөр цалинтай ажилд царайлаг охидыг авна гэх зар танийг болон таны ойр тойрны хүнийг хохироож болзошгүй болохыг анхаарна уу. Цагдаагийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлдэг ч  ийм агуулгатай зарын дагуу ирсэн охидыг  хуурч, хил давуулан худалдаалсан хэрэг гарсан байна.  Уг хэргийг үйлдсэн Г.Ө анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхээс ял авсан байна.  

Монгол улсын иргэн Г.Ө нь  И.Х-, М.М-, Б.А- нарыг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор “өндөр цалинтай дуулж, бүжиглэдэг ажил хийнэ” гэж эдийн засгийн хувьд эмзэг байдлыг нь далимдуулан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хил нэвтрүүлж, БНХАУ-ын Шанхай хотод 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл биеийг нь үнэлүүлэн мөлжиж худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн байна.  

Энэхүү гэмт хэргийг үйлдсэн Г.Ө

·         Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол

·         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 392 дугаар магадлалтай

·         Улсын дээд шүүхийн 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 321 дугаар тогтоолоор тус тус гэм буруутай гэж үзсэн байна.  

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Г.Ө-г бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ө-г бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн хил нэвтрүүлж худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Ө-г бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлж, хоёр, түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улсын дээд шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 392 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...элсүүлж...” гэсний өмнө “...эрхшээлдээ оруулан...” гэсэн нэмэлт оруулж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсэн юм.

Монгол охидыг хуурч хил давуулан наймаалсан Г.Ө гэгч нь 1991 онд төрсөн бөгөөд энэ хэргийн хохирогч нар болох И.Х-, М.М нарыг огт танихгүй, ямар нэг байдлаар харьцаж байгаагүй гэдгийг шүүхийн шатанд мэдүүлсэн байдаг.  Өөрөөр хэлбэл таньж мэдэхгүй хүнийг дагаж хилийн чандад өндөр цалинтай ажилд зуучлуулна гэдэг нь эрсдэлтэй үйлдэл гэдгийг ухамсарлах шаардлага байгаа юм.

Энэ бол зөвхөн илрээд байгаа гэмт хэрэг. Үүний цаана илрээгүй хэрэг олон байгаа бөгөөд охид бүсгүйчүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү...