Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн  Монгол бахархлын өдөр.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. 

Академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд мэндэлсэн хэмээн тогтоосон юм.


"Монгол бахархлын өдөр"-ийг Бүх нийтээр тэмдэглэх баяр хэмээн зарлаж, хуульд тусгаснаар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Түүнчлэн Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог. 

Дашрамд дурдахад, ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм. 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-үүд нь: 

2012 он: 11 сарын 14
2013 он: 11 сарын 4
2014 он: 11 сарын 23
2015 он: 11 сарын 12
2016 он: 10 сарын 31
2017 он: 11 сарын 19
2018 он: 11 сарын 8
2019 он: 11 сарын 27
2020 он: 11 сарын 16
2021 он: 11 сарын 5
2022 он: 11 сарын 24 таарч байгаа юм байна. 

 

Жил бүрийн энэ өдөр нэг иргэнийг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Уг шагналыг анх 2005 оноос эхлэн олгож ирсэн түүхтэй ч сүүлийн зургаан жилийн турш тасралтгүй “Чингис хаан” одонг энэ л өдөр Монголын бахархал болсон эрхэмд олгосон. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог юм.

Гэвч энэ жил дээрх шалгуурыг хангасан хүн байгаагүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас үзсэнээр өнжих болж буй.

Чингис хааны одонг:

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

2007, 2008 онд олгоогүй, өнжсөн.

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2010 онд УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж

2011 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном

2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай

2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр хүртсэн байна.

Эх орон, түүх, эцэг өвгөд, түүхээрээ бахархах Монгол бахархлын өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэж байна.