ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг ЖДҮХС-­гийн хөрөнгийг буруу зарцуулсан үндэслэлээр сайдаас нь огц­руулсан УИХ яг ийм шалтгаанаар гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх прокурорын саналаас хамгаалж үлдэв.

Ерөнхий прокурор М.Энх­-Амгалан УИХ-­ын чуулган дээр “ЖДҮХС­-гийн хэргийг шал­гах явцад бусад гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эр­хийг түдгэлзүүлэх саналыг дахин тавина” гэж хэлсэн. Үүгээр тус сангаас зээл авсан гишүүд про­курорын овоо хараанд өртчихсөн байгаа гэдэг нь тодорхой байна.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛСЭН НЬ ПАРЛАМЕНТЭД АЙДАС ТӨРҮҮЛЭВ

Ийм нөхцөлд парламент “болдоггүй хэд”­-ээ хамгаалах болгоомжилсон үйлдлийг Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх дээр тодорхой харуулав. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-­ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал анх удаа хөндөгдөж буй нь энэ биш.

Өмнө нь буюу өнгөрсөн хаврын чуулганы үеэр прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байв. Гэвч УИХ уг асуудлыг хэлэлцээд, хоёр гишүүнээ аваад үлдсэн. Үүнийгээ парламентын аюулгүй байдал хэмээн тайлбарлаж байв.

Гэвч нөгөө талд нь УИХ-­ын гишүүний бүрэн эрх гэдгээр гэмт хэрэгт холбогдсон нэгнийг хамгаалах нь шударга ёсонд үл нийцэж буйг тодорхой харууллаа. Хууль тогтоох дээд байгууллагын тогтвортой байдал, төрийн үйл хэрэг хэвийн үргэлжлэх зарчим дор хууль бус байдал нуугдаж болохгүй. Эндээс л иргэд шударга ёс, тэгш эрхийг нэхээд байгаа болохоос ганц хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр парламентын бүрэн бүтэн байдал нь ганхаж, халдашгүй дархан эрх нь аюулд орчихгүй.

Харин ч энэ мэт үйлдэл нь бүгд л “но”-­той учраас баригдсан нэгнээ хамгааллаа гэх ойлголтыг нийгэмд төрүүлээд байгаа хэрэг.

Үүнээс үүдэн шударга ёсыг парламентын танхимаас нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм. Уг нь үндсэн хуулийн цэцээс гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-­ын гишүүн, жирийн иргэн адил журмаар шалгуулах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан.

Харамсалтай нь УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авсан ч УИХ-­ын гишүүний халдашгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “гэмт хэрэг үйлдэх явцдаа” гэдэг үгийг “гэмт хэрэг үйлдэж байхдаа” гэж солиод “эд мөрийн баримттайгаар баригдсан” гэдгийг “нотлох баримттайгаар баригдсан” гэж хэлбэрийн төдий засвар хийсэн юм.

Энэ нь тэр хүсэмжлээд байгаа шударга ёстой харшилдаж байгааг УИХ-­ын гишүүд төдийгүй хэд хэдэн парламентад ажилласан туршлагаараа халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд багтсан таван эрхэм мэдэрч л байх учиртай.

Парламентын халдашгүй байдал гэдгээр гэмт хэрэгт холбогдсон нэгнээ авч үлдэхээр прокурортой толхилцсоор ирсэн нь ч үндсэндээ буруу жишиг тогтоожээ. Парламентын зүгээс гишүү­дээ прокурорын саналаар түдгэлзүүлж байсан жишээ тун цөөн. 1990 оноос хойш парламентын түүхэнд гишүүдээ хуулийн байгууллагад “гавлуулж” байсан хоёр л тохиолдол бий.

Эхнийх нь 1991 онд улсын Бага хурлын гишүүн Д.Дамдиныг алдарт 20 дугаар тогтоол гарахыг урьдчилан мэдэж, хувьдаа их хэмжээний хөрөнгө ашигласан гэх хэргээр чөлөөлж байсан. Харин удаах нь алдарт Казиногийн хэрэг юм.

1999 онд Казиногийн хуулийг УИХ-аар баталсан ч гурван сарын дараа цуцалж байв. 

Улмаар уг хуулийг батлахад идэвхийлэн оролцсон гурван гишүүнээ шалгуулахаар хуулийнханд “гардуулсан” ч Казиногийн хэргээс тэс ондоо татварын болон бэлэг дурсгалын зүйл авлигад авсан гэдгээр ял оноож байв. Харин үүнийг хуулийнхан УИХ-ыг “хулхидсан” тод жишээ болон дурдагдсаар байгаа. УИХ-­ын гишүүд ч парламентын халдашгүй байдлыг ярихдаа үүнийг бамбай болгон ашигласаар иржээ.

Харин дээрх тохиолдлоос хойш парламент “гэнэдэж” хуулийнхны аргад автаагүй яваагаа сайрхдаг болж. Хорин жилийн өмнөх нийгмийн сэтгэл зүй, хуулийн нөхцөл өөр болсныг энэ парламент үгүйсгэсээр л байна.

Өнгөрсөн хугацаанд нэр бүхий арваад гишүүн прокурор “зарлан дуудах” авсан байдаг. Гэвч УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо парламентын дархан эрхийг хөндөх гэлээ, үйлдэл дээр нь бариагүй бол бүрэн эрхийг түтгэлзүүлэх боломжгүй хэмээн авч үлдсээр ирсэн.

Харин одоо парламентын дархан эрх нэрээр гишүүдээ өмгөөлдөг арга хуучирчээ. Харин үүний оронд халдашгүй байдлын дэд хороо гишүүдээ эрхээс татгалзаад шалгуулах зөвлөгөө өгдөг жишиг тогтоовол шударга ёсны үүднээс ч парламентын хөгжилд ч дөрөө болох нь тодорхой байна.

Засгийн газрын гишүүд алдаа гаргасан бол чөлөөлөгдөх өргөдлөө өгдөг сайн жишиг улс төрд шинэ соёл авчирч байгаа шиг парламентын танхимаас ийм үлгэр дуурайл үзүүлэхийг нийгэм хүсч байна.

УИХ-ын гишүүд парламентын халдашгүй байдлыг ярихдаа аль 1999 онд гурван гишүүнээ Казиногийн хэргээр баривчлуулснаа хэлж бамбай болгон ашигласаар иржээ.
• Уг нь Үндсэн хуулийн цэцээс гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын гишүүн, жирийн иргэн адил журмаар шалгуулах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан.
• Шударга ёсны үлгэрлэлийг парламентаас эхлүүлэхийг нийгэм хүсч байна.

Ерөнхий прокурорын мэдээллээр ЖДҮХС-­гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан, зориу­лалтын бусаар зарцуулсан гишүүдийг шалгах, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавих магадлал өндөр байна. Харин тэднийг парламентын дархан эрх гэдгээр хамгаалж үлдэх нь нийгмийн бухимдлыг дээд цэгт хүргэж болзошгүйг энэ УИХ тооцож буй биз ээ.

Засгийн газрын мэдээ