Хүн бүр бэлгийн болон нөхөн үржихүйн эрхтэй. Энэ бол шинэ эрх биш. Харин иргэн бүр төдийлөн анзаарч, анхаарал хандуулдаггүй эрх гэж хэлж болно. Учир нь гэр бүл зохиож амжаагүй найзаасаа “Хөгширлөө шүү дээ, хүүхэд гаргаач” хэмээн шахаж шаардаж, тоглоом шоглоомын хооронд асуух нь олонтаа. Тэгвэл энэ асуултаараа найзынхаа нөхөн үржихүйн эрхэнд бүдүүлгээр халдаж буйгаа мэддэггүй.

Эмэгтэй хүн хэнтэй, хэзээ, хэрхэн бэлгийн харилцаанд орох вэ гэдэг хувь хүний бэлгийн эрх. Дараа нь хэзээ төрж, хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгээ өөрөө шийдэх эрхтэй. Гэтэл өнөөдөр нөхрийн эсвэл хадмын, эцэг эхийн хүслээр энэ эрхээ гүйцэлдүүлж чадахгүй байгаа маш олон хүн бий.

Эцэг эх нь “Чи амьдралаа авч явж чадахгүй юм чинь нэг л хүүхэд төрүүлэхэд хангалттай”, найз нөхөд нь “Чи дөрөв дэх хүүхдээ төрүүлж одон ав”, нөхөр нь “Яаж ийж байгаад л хүү төрүүл” гэх мэтээр санаатай болон санаандгүй байдлаар эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхэд халдах явдал цөөнгүй. Гэтэл үнэн хэрэгтээ хэдэн хүүхэдтэй болохоо шийдэх эрх эмэгтэй хүнд л байх ёстой аж.

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд багадаа хоёр жилийн хугацаанд гэртээ суудаг. Энэ хугацаанд тухайн эмэгтэйгийн хөгжих, боловсрох ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд оролцох эрх шууд хаагдчихдаг. Эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө боломжийг ийн хязгаарлуулахдаа нөхрийн эсвэл хадмын хүслээр шийдвэр гаргана гэдэг хүний эрхийн зөрчил.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын референт, багш Г.Золзаяа "Ажлын амжилт, дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж анхны хүүхдээ 33-35 настайдаа гаргахыг хүсч байж болно. Гэтэл найз нөхөд, гэр бүлийнхэн нь “Хэзээ хүүхэдтэй болох вэ, хөгширлөө” хэмээн асууж санаатай болон санамсаргүйгээр хүний эрхэд маш бүдүүлгээр халддаг. Энэ бол хүмүүсийн тогтчихсон хандлага. Гэтэл хүний хувийн эрх чөлөөнд халдаад байгаагаа ухамсарладаггүй. Мөн л эмэгтэй хүн хэзээ хүүхэд төрүүлэх нь зөвхөн өөрийнх нь л сонголт. Танил, найз нөхдөөс гадна манай монголын эмэгтэйчүүдийн эмч нар маш бүдүүлгээр эмэгтэйчүүдийн эрхэнд халддаг" хэмээсэн юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу