Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсаны 85 жилийн ой энэ жил тохиож байна.

 

 

Тус төвийн эх суурь

-1933 онд Ардын Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын 01 тоот тушаалаар Ариун Цэвэр-Бактер Шинжилгээний Институтийг байгуулагдсанаар тавигдаж,

-улмаар 1968 онд “Эрүүл Ахуй, Халдвар, Нян Судлалын Улсын Институт” болсон бөгөөд Монголын Эрүүл Мэндийн салбарт урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэстэй үйл ажиллагаа явуулах түүхэн ач холбогдолтой чухал арга хэмжээ болсон байдаг.

-1997 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад

-2016 оноос байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааны үр дүнг сайжруулан, үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 149 дүгээр тогтоолоор “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон зохион байгуулжээ.

 

 

НЭМҮТ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан "85 жилийн түүхтэй НЭМҮТ анх халдварт өвчнийг устгахад чиглэгдэж байсан бол өнөөдөр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэл рүү орж байна. Ганц манайх гэлтгүй сүүлийн үеийн дэлхийн эрүүл мэндийн бодлого ч өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь чухал. Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар өвдсөний дараа зарцуулах 10 доллартай тэнцэж байна гэсэн судалгаа байдаг. Бидний хувьд халдварт бус өвчин буюу хүн амын дунд нэмэгдэж буй чихрийн шижин, таргалалт, хавдар зэрэг эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхэд түлхүү арга хэмжээ авч ажиллаж байна". 

 

 

Тэгвэл арвин их түүхтэй тус төвийн хамт олон 85 жилийн ойн хүрээндээ өнөөдөр үе үеийн ахмад ажилтан болон эрдэмтэн, доктор, профессорууддаа хүндэтгэл үзүүлж, одон медалиар шагналаа.

 

 

НЭМҮТ-ийн анхны 32 эрүүл ахуйч нарын нэг Ахмад эрүүл ахуйч З.Ичинноровтойярилцлаа. Тэрбээр "Би 24 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Энэ байгууллагад тасралтгүй 30 жил ажилласан. Өнөөдрийн арга хэмжээнд уригдсандаа баяртай байна. Гэхдээ өнөөдөр нийгэмд шүүмжлэлтэй хандах юм олон байгаад ахмад ажилтны хувьд бухимдаж явдаг. Тухайлбал, намайг анх төгсөж ирээд эрүүл ахуйчаар ажиллаж байхад хот төлөвлөлтөө хийхдээ бидний судалгаа, шинжилгээ, саналыг үндэслэж, яг стандартын дагуу хүн амынхаа тоонд тохирсон хот төлөвлөлтийг хийдэг байлаа. Харин өнөөдөр тэгэхээ байсан байна. Хэн дуртай нь хүссэн газраа байшин барьдаг болсноос үүдэн өнөөдрийн агаар, орчны бохирдол нэмэгдсэн юм" хэмээсэн юм.