УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөхийг зодсон гэх асуудал гарсантай холбогдуулан Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбаттай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу, та. Сүүлийн үед таны шавь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, хүү Т.Зөнбилэг нартай холбоотой мэдээлэл гарах боллоо. Таныг Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдож мэдээлэл өгсөн гэх юм. Юу болсон юм бол ?

-Энэ сарын 18-ны өдөр буюу Ням гарагийн 14.00 цагийн үед хүүгийн утас холбогдохгүй болохоор бэртэйгээ ярьтал "Зөнбилэгийг дагуулаад Гэмтлийн эмнэлэгт явж байна" гэсэн. Би ч сандраад "Яав, юу болов" гэтэл "Урьд шөнө Зөнбилэг орцондоо хүнд боолгоод, тархи толгойгоо хагалуулж, зодуулсан байна" гэсэн. Юу болсныг лавлахад "Улс төрийн асуудлаас л болсон шиг байна" гэсэн. Манай гэр бүлийн хүн бид хоёр сандраад УИХ-ын гишүүн, өөрийн шавь Ж.Мөнхбаттай холбогдсон. "Цаад Зөнбилэг чинь урд шөнө орцондоо хүнд боолгоод, тархи толгойгоо хагалуулж, зодуулсан байна. Чиний хийж байгаа мэдэгдэл, улс төрөөс болж ийм юм боллоо" гэж би Ж.Мөнхбатыг жаал зэмлэсэн. Ж.Мөнхбат аль оюутан байхдаа л надад хадаг барьсан, яруу найргийн шавь маань байгаа юм.

Тэгээд Ж.Мөнхбат Зөнбилэгтэй холбогдож болсон үйл явдлын талаар асуугаад "Аавын чинь ярьсан зүйл үнэн үү" гэхэд манай хүү "Үнэн орцондоо хүнд боолгоод зодуулчихлаа" гэсэн юм билээ. Тэгсэн Ж.Мөнхбат "Зургаа аваад явуулчих" гэхээр нь эхнэрээрээ зургаа авахуулаад явуулсан гэсэн. Ж.Мөнхбат Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой яриад, фэйсбүүк, твитерээрээ мэдээлэл гаргасан юм билээ.

Хүү Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргасан гэсэн. Орой нь 20.00 цагийн орчимд Ж.Мөнхбат Зөнбилэгтэй дахин холбогдож юу болж байгааг лавлахад "Шүүх шинжилгээний эмнэлэг дээр явна. Ирэх хэрэггүй, Эндээсээ харилаа" гэсэн байгаа юм. УИХ-ын гишүүн, миний шавь Ж.Мөнхбат надаас авсан мэдээллийн дагуу Зөнбилэгийн явуулсан тархи толгойных нь зургийг хараад маргааш нь буюу энэ сарын 19-ний өдөр хэвлэлийн мэдээлэл хийсэн юм билээ.

-Ж.Мөнхбат гишүүнд буруу мэдээлэл өгсөн хэрэг үү. Тэр өдөр яг юу болсон талаар хүүгээсээ дахин лавласан уу?

-Асуусан. Хоёр хүнтэй ганц, хоёр шар айраг ууж суугаад улс төр яриад л хоорондоо маргасан гэсэн. УИХ-ын чуулганаар Ж.Мөнхбатын хэлсэн "Засгийн газрыг огцруулна, УИХ-ыг тараана" гэсэн талаар л ярьж маргасан шиг байна лээ. Маргаан даамжирч тархи толгой хагалах хэмжээнд хүрсэн байна. Уулзаж байсан газраасаа гараад манай хүү шууд гэртээ харьсан. Гэтэл нөгөө хүмүүс хойноос ирээд гэрийнх нь орцонд бас уулзсан юмуу даа. Ийм л зүйл надад ярьсан.

-Танай хүү яагаад тэгж худлаа мэдээлэл хэлсэн юм бэ?

-Яахав дээ, шар айраг ууж зодоон цохион хийсэн гэж надад хэлэхээсээ айгаад л "орцонд зодуулчихлаа" гэснийг нь хөгшин бид хоёр итгээд шавиа баахан загначихгүй юу. Тэгээд даргыгаа утасдаад асуухаар нь айж сандарсандаа "Үнэн" гээд хэлчихсэнээс ийм зүйл болчихлоо. Түүнээс биш хэвлэл мэдээллээр яваа шиг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрийн ашиг хонжоо хайж ийм мэдэгдэл, мэдээлэл тараагаагүй. Тийм зүйл хийх хүн биш гэдгийг сайн мэднэ. Гэр бүлийн хүн бид хоёрын яаран сандран хэлсэн үг, миний хүүгийн болчимгүй алдаанаас болж ийм зүйл боллоо. Миний шавь Ж.Мөнхбат огцом хурц зантай хүн. Бидний хэлсэнд, явуулсан зурагт итгээд л мэдэгдэл хийчихэж. Би эцэг хүний хувиар хүүгийнхээ гаргасан алдааны төлөө ард түмнээсээ болон өөрийн шавь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас албан ёсоор уучлалт гуйж байна.

-Хүүгийн чинь биеийн байдал одоо ямар байна вэ?

-Тархи толгойгоо хагалуулсан хүн ямар олиг байх вэ. Гэрээр эмчлүүлж байна. 

 

Х.Цацрал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин