УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд валютын ханш, шатахууны үнийн өсөлт, Засгийн газрын өртэй холбоотой асуудлаар өнгөрсөн сарын эхээр асуулга тавьсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар түүний асуулгад Ерөнхий сайд болон сангийн сайд нар хуралд оролцоогүй шалтгаанаар хойшилсон бол өнөөдөр ч мөн  нийгмийг бухимдуулж буй уг асуудлуудад хариулт өгөх Засгийн газрын гишүүд байхгүй тул хойшиллоо. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ: “Өмнөх долоо хоногт хэлэлцээгүй хойшилсон шалтгаан нь Засгийн газрын гишүүд байгаагүй. Гэтэл өнөөдөр чуулганы танхимд дахиад л нэг ч сайд алга. Ийм байдалтай валютын ханшийн өсөлтийг  асуудлыг хэлэлцэж болохгүй.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд л энэ их улс төржилтөөс бол валютын ханш огцом өссөн. Өнөөдөр валютын ханш 2600 төгрөг боллоо. Бензин шатахуун, эд бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Ийм чухал үед парламент, Засгийн газар нь бүгд улс төржөөд, төрийн ажлыг гацаагаад, энд тэнд очиж, худлаа үнэн шударга ёс ярьж, мэдэгдэл хийсэн хүмүүс байна.Ингэж ард түмнийг зовоож болохгүй.

Засгийн газрын гишүүдээ хуралдаанд оруулж чадахгүй юм бол энэ парламент өөрсдөө асуудлаа ярих цаг нь болсон байна. Ийм байдалтай хэдий удах юм бэ. Тэгээд өрөө, өрөөндөө очоод, гоё, гоё юм яриад суугаад байх юм.

Гадаа ард түмний амьдрал ямар байгааг бодож үзээд бүгдээрээ ард түмний төлөө нэг хөдлөхгүй юм уу. Ийм байдалтай байх юм бол би өөрөө энэ асуулгад оролцохгүй. Хэдий болтол хуралдсан дүр эсгэж явах юм.

Угаасаа бүтэхгүй юм байна. Нэг тийшээ болъё. У.Хүрэлсүх гоё юм яриад огцрохгүй байгаа бол М.Энхболд дарга хамт өргөдлөө өг. Хоёулаа өргөдлөө өгсөн нь дээр. Үнэндээ парламентын нэр хүнд шалан дээр уначихлаа гэдгийг би жилийн өмнө хэлсэн шүү дээ. УИХ-ын дарга валютын ханшийн талаар асуулгыг дахиад хойшлуул. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Би асуулгад Ардчилсан намын бүлгийн гишүүдтэйгээ оролцохгүй.”  гэв.