ХӨСҮТ-ийн Амбулаторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Саруултай ярилцлаа.

–Вируст хепатитийн халдвар гэж юуг хэлээд байна вэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?

-Вируст хепатитийн халдвар нь элэгний өвчлөлийг үүсгэдэг үндсэн шалтгаан болж байна. Мөн хоол, хүнсний буруу хэрэглээ, шаардлагагүй тохиолдолд эмийг /ялангуяа антибиотек/ байнга хэрэглэх, архины хэрэглээг хэтрүүлэн хэрэглэх, хоол, хүнсний буруу хадгалалтын үед үүссэн мөөгөнцөр бодисын солилцооны өөрчлөлтөөс болсон жингийн илүүдэл нь элэгний үрэвсэл үүсгэх  шалтгаан  болж байдаг. Вируст хепатит үүсгэдэг А, Е, В, С, Д вирусын халдвар байдгаас А, Е нь хүүхэд залуучуудын дунд элбэг байдаг бохир гарын халдвар гэдгээр хүмүүс мэддэг цочмог хэлбэрээр буюу шарлалт, хордлого маягаар явагддаг элэг гэмтээдэг халдварт өвчин. 2011 оноос хойш ВГА вакциныг товлолд нэмж оруулснаар өвчлөлийн тоо эрс буурсан. В, С, Д вирусын халдвар цочмог болон архаг хэлбэрээр явагддаг. Өөрөө мэдэхээр шарлаагүй ч гэсэн цусанд зургаан сараас дээш хугацаанд В, С, Д  илэрвэл дээрх вирусын шалтгаант архаг халдвар байна гэж үздэг. Бодисын солилцооны өөрчлөлтөөс болж хүн амын дунд таргалалт ихэсч байна. Энэ нь элэг өөхжих үндсэн шалтгаан болж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Элэг бүтэн монгол” хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор далайцтай ажлууд хийж  байгаа.

–Тухайлбал, ямар ажил хийсэн вэ?

-Нэгдүгээрт, хувь хүн цусанд вирусын халдвар байна уу, үгүй юү гэдгийг өрх, дүүрэг, аймаг сумын төвшинд хурдавчилсан тестээр шинжлэн, элэг бүтэн Монгол  программд бүртгэж байгаа. “Элэг бүтэн монгол” хөтөлбөртэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалаараа хамрагдах боломжтой. Вирус дамжих зам нь В, С, Д-гийн хувьд халдвар хамгаалалт муутай газар ямар нэг арьс салт нэвтэлсэн ажилбар хийх, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх, нэг удаагийн тариур дамжуулан хэрэглэх нь голчлон байдаг. Мөн ажил мэргэжлээс, цус, цусан бүтээгдэхүүний байнгын хэрэглээтэй хүмүүс, бэлгийн зан үйл өөрчлөлттэй хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэгт ордог. Монгол Улсад 2015 онд С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм орж ирсэн. Үүнээс хойш эрүүл мэндийн даатгалын тоо мэдээгээр 70 гаруй мянга орчим хүн эмчлэгдсэн байгаа. Эмчилгээний үр дүнг дэлхийд элэгний чиглэлээр тэргүүлдэг нийгэмлэг, холбоодууд судалж, олон улсын хэмжээнд жил бүр онол практикын хурал хийдэг. С вирусын эсрэг эмчилгээний үр дүн өндөр байдаг. ХӨСҮТ нь С вирусын эсрэг эмийн эмчилгээний үр дүнг хоёр удаа судалсан. Судалгааны үр дүнгээс харахад С вирусын эсрэг эмийн эмчилгээ нь өндөр үр дүнтэй ба эмийн гаж нөлөө судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 орчим хувьд нь толгой өвдөх, дотор муухайрах, ядрах гэсэн шинж тэмдэг бүртгэгдсэн байдаг. “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийг 2018 оны зургадугаар сард ирсэн ДЭМБ-ын хепатитын үнэлгээний баг ирж бусад оронд жишиг болохуйцаар явагдаж байна гэж өндрөөр үнэлсэн байдаг нь энэ хөтөлбөрт нэгдэн ажиллаж байгаа хүн бүрт дүн тавьсан гэсэн үг.

–С вирустэй хүн бүр эм уух шаардлагатай юу?

-С вирустэй хүн бүр С вирусын эсрэг эм уухгүй. С вирус тоологдсон тохиолдолд ДЭМБ-ын болон Монгол Улсад мөрдөж байгаа удирдамж, заавраар улсын нэгжээс дээш тоологдсон үед эмчилгээнд орно. Эмийг ямар хугацаагаар уухыг тухайн эмчлэгч эмч шийднэ. Тухайн хүний элэг хатууралтай юу, үгүй юү гэдэг оношоо тавина. Хэрэв хатууралтай бол цус алдах, хэвлийд ус үүсэх эрсдэл үүсэх эсэхийг эмч нар маань эмчилгээний удирдамжийн дагуу хянах шаардлагатай байгаа.

–Хүмүүсийн дунд С вирус эмчлэгддэг В, Д эмчлэгддэггүй гэсэн яриа байдаг. Энэ талаар?

-В, Д вирусын эсрэг эмчилгээ, оношил­гооны удирдамж 2018 оны зургадугаар сард шинэчлэн боловс­руулагдаад сая эмч нарт очсон байгаа . Вирусын эсрэг эмчилгээг хийхийн тулд бид Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргаж баталсан зөвлөмжтэй болчихлоо. Тэгэхээр яг энэ зөвлөмжийн дагуу эмч нар маань эмчилгээ үйлчилгээг явуулна гэсэн үг. С вирус ын эсрэг шууд үйлчилгээтэй эм 3-6 сарын эмчилгээний дараа вирусын тоо буюу 0 гэсэн үр дүнгээр эмчилгээний үр дүн гарлаа гэж үздэг. Харин В вирусын хувьд төвөгтэй нь С вирус шиг устгадаг эм дэлхийд гараагүй байна. Вирусын өсөлт, үржлийг саатуулдаг, зогсоодог эмнүүд гарсан байгаа. Магадгүй хатууралтай тохиолдолд насан туршдаа ууна. Д вирусын эсрэг эм одоогоор байхгүй, интерферон эмчилгээний заалт, удирдамж байдаг. Өртөг өндөртэй, хүний биед өгч байгаа гаж нөлөө өндөр байдаг болохоор тэр бүр эмчлэгдэж хянахад төвөгтэй асуудлын нэг. Эмч нар маань В вирусын эмийг хэзээ өгөх, хэзээ зогсоохыг удирдамж, зааврын дагуу эмчилгээг шийдвэрлэнэ.

–Танайхаар ямар хүмүүс эмчилгээ, үйлчилгээ авч байна вэ?

-ХӨСҮТ-ийн амбулаторийн хувьд улсын хэмжээний үзлэгтэй газар. Ихэвчлэн вирусын гаралтай элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс үзүүлдэг. Манайд давтан үзлэгийн тоогоор жилд 110 мянга орчим хүн үйлчлүүлдэг. Үүнээс элэгний архаг үрэвсэл нь сэдэрсэн, элэгний шинжилгээ өөрчлөгдсөн, зовиур ихэссэн үед хэвтдэг тасаг байгаа. Энэ тасагт 55-60 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Хөдөө орон нутгаас хүмүүс ирж хэвтдэг байгаа. Мөн вирусын эсрэг эмчилгээг манай амбулаторид хийлгэх боломжтой. 2015 оноос хойш эмнэлгийн ачаалал ихэссэн. Вирусын эсрэг эмчилгээнд орох шаардлагатай, элэгний архаг үрэвслийг нь байнга хянах ёстой хүмүүс ирдэг.

–С вирусын эмэн эмчилгээ хийх хориотой заалт байдаг уу?

-Зүрх судасны болон бөөрний хүнд эмгэг, элэгний хатуурлын ээнэгш­лийн шат алдагдсан, нүдний торлог бүрхэвч ховхорсон үед, идэвхтэй сүрьеэгийн халд­­вартай үед уух заалтгүй байдаг.

–Эмчилгээний дараа дахин халдвар авах боломжтой юу?

-С вирусын эсрэг вакцин байхгүй учир дахин халдвар авах боломжтой.Эмчилгээний дараа  халдвар хамгааллын нөхцөл тааруу газар ямар нэг арьс салст нэвтэлсэн ажилбар хийлгэхгүй, шаардлагагүй үед цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, нэг удаагийн тариур дамжуулж хэрэглэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Бас цусанд В вирусгүй насанд хүрэгчид В вирусын эсрэг вакцинд заавал хамрагдах шаардлагатай ба хамгаалах титр цусанд үүссэн бол 10 орчим жил В вирусын халдвараас хамгаалж чадна.

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин