УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнийг МАН-ын Удирдар зөвлөл, бүлгийн хуралдаан, байнгын хороодоор дэмжсэн. Харин өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах аж.  Ч.Улаан нь зургаа дахь удаагаа сайдаар томилогдохоор болж байгаа юм. 

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшиж байсан.

1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал, 2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд, 2016-оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.