Энэ үеийн цаг төр үймж ээдээ бас хачин юм гээч болж байна даа. Монголд ардын хувьсгал ялахаас өмнөх тэр үед л нэг иймэрхүү дүр зураг ажиглагдаж байсныг түүхээс бид мэддэг. Одоо тэгвэл Монголын төрийн өнөөгийн байдал яг тиймдээ хүрчихлээ.

Төр, засгийн эрхийг давуу байдлаар барих болсон МАН-ынханд ард түмэн дэндүү итгэсэн дээ. Гэтэл юу болов. Сонгуулийн үр дүнгээр бий болсон анхны Засгийн газраа ердөө хоёр жил хүрэлгүй нам дотроо бужигнаад огцруулчихсан.

Энэ дундаас ямар үр дүн гарсан бэ гэвэл УИХ дахь МАН-ын бүдүүн бүлэг “баруунтан, зүүнтэн” болж хоёр хуваагдсан. Тэдний үг ямар ч асуудал дээр зөрчилддөг болсон.

У.Хүрэлсүх тэргүүтэй засгийн газар байгуулаад за одоо л аятайхан явах биз гэтэл бас тэгсэнгүй. Учир нь МАН доторх зөрчил, хуваагдлын уршиг хэвээр. Нөгөө талаа буруутгадаг нэг “багаж” нь 60 тэрбум гэдэг цоожтой “хар хайрцаг” байлаа. Үүн дээр эрх баригч намынхан албан тушаалаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн мөнгийг хууль бусаар хувааж авсан барин тавин хэрэг дэлгэгдсэнээр энэ Засгийн газрын олон сайд, дарга уг хэрэгт орооцолдов. Зарим нь огцорч, чөлөөлөгдөж байгаа. Засгийн газрыг бүхэлд нь огцруулах асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж нэг удаа тогтох шиг болсон. Тэгээд үймээн намжсангүй. Улам даамжирсаар өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаа нь зогсох хэмжээнд оччихлоо. Олон түмэн энэ байдлыг хараад санаа зовж байна.

Харин энэ үймээн дундаас ямар нэг байдлаар тодрон гарч ирж улс төрд “од” болохыг санаархагчид олшров. Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийд, төрийн өмч хөрөнгийг хуйвалдан хулгайлсан нөхдүүдтэй хариуцлага тооц гэж шударга үг хэлж гарч ирсэн УИХ-ын залуу түшээ Л.Оюун-Эрдэнийг олон түмэн гайгүй шударга нэгэн гэж үнэлэх болсон.

Харин тэр сүүлийн өдрүүдэд нэг л хүнтэй тэмцдэг баатар болчихлоо. Онилсон бай нь УИХ-ын дарга М.Энхболд. МАНАН-гийн сүүлийн бөглөөс нь М.Энхболд гэж Л.Оюун-Эрдэнэ хэлдэг байсан бол одоо “Огцор” гэсэн бичиг бариад УИХ-ын чуулганы танхимд ширээнийх нь өмнө зогсдог боллоо.

Тэгэхдээ бас Ардчилсан намаас жийгдсэн Ж.Батзандан, Л.Болд хоёртой нийлснээр хэн нэгний онож тодорхойлсноор их үймээн дунд жижиг МАНАН бий болоотохлоо. Нэгийг хэлэхэд УИХ-ын даргын өрөөнд хийсэн албан уулзалт дээр арай давилуун зан гаргаж байх шиг харагдав тэр. Бас УИХ-ын чуулган дээр хэдүүл Гүндалайчилж лоозон барьж зогсоод л …

Энэ бүхэн арай л хэтрэв үү. УИХ-ын болоод М.Энхболд даргын нэр хүнд муу байгаа нь үнэн ч гэлээ дээрх үйлдлүүд нь төрийн хүний хийх ажил мөн үү, биш үү. Хэлж байгаа үг, хийж буй үйл нь нэг их шударга ёсны төлөө юм шиг хэрнээ төрийг үймүүлж МАН-ыг хагалан бутаргах хэн нэгний захиас мэт харагдаад байгаа. Ингэхээр Л.Оюун-Эрдэнэ гэдэг залууг тоож магтаж байсан хүмүүсийн зарим нь “Дэмий-Эрдэнэ” л болох нь ээ  дээ гэж эргэлзэх болов.

Ер нь ч Л.Болд Ж.Батзандан гэсэн “орох оронгүй” болчихоод байгаа хоёр зуугуултай нийлсэн нь дэмий дээр дэмий юм шиг. Түүнээс гадна үймээн дунд “үрэгдэгсэд” бас зөндөө л байна. МАН-ын Д.Тогтохсүрэн гэж гайгүй нэр хүндтэй нөхөр бүлгийн даргаар цагаа олоогүйгээр гарч ирснээр хэн ч гэж харагдахгүй л байна.

Сайд Ц.Цогзолмаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичигт танхимаасаа ганцаар гарын үсэг зурснаар “хойтхоо уншуулах” гэж байгаа. Сайдын суудалд ердөө сар илүүтэй болсон Я.Содбаатар ЖДҮ-чин гэгдээд бас “явах” нь тодорхой болсон.

Тэдний хойноос дагагсад ч цөөнгүй байгаа. УИХ-ынхнаас ЖДҮ-чид гэгдсэн хэд хэдэн нөхрийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокуророос санал ирэх гэж байна л гэх юм.

Бас “од бологч ч гэх үү, ад бологч ч гэх үү нэг хүн бол УИХ-ын залуу гишүүн Ж.Мөнхбат. Тэр өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга байсан албан тушаалаа алдсанаас хойш ийшээ тийшээ өс хонзонгийн үг их чулуудах болсон нэгэн. Тэр саяхан “ангийнхнаа” та нар битгий дарвалзаад байгаарай гэж загнаад ингэж байхаар УИХ таръя гэж хашгирч байна лээ.

Эртэдхэн би Нийслэлийн Засаг дарга болъё гээд өөрийгөө өөд татаад томорч суусан Х.Нямбаатарыг гайгүй шударга түшээ гэж бодсон. Одоо тэр УИХ-ын танхимдаа лоозон тэврээд сууж байгаа.  Тэр нь угаас буруу биш ч гэлээ бас л Л.Оюун-Эрдэнийг дагаад хэн нэгний гар, хөл болох үйлд хайран нас, цаг заваа өнгөрөөж байх шиг л харагдах юм. Ер нь алив юм хэрээс хэтрэхээр л зөв ч бай эцэстээ үр дүн нь хазгай болдог доо. Ийм л дүр зураг харагдаж буй.

Тэдэнтэй суулт хийсэн Б.Энх-Амгалан гишүүн гэнэт барьж байсан лоозонгоо сандал дээрээ орхичихоод алга болсон. Энэ нь “би хөнгөн жингийн тамирчин” гэдгээ харуулав бололтой.

Их үймээн дунд “үрэгдэгсэд”-ийн гол хүн нь  М.Энхболд дарга  л юм даа. Төрийн өндөр нэр хүндээ “үнс” болгуулахгүй гэж мөн ч гүрийж байна даа тэр. МАН-ын хуваагдсан хоёр бүлэглэлийн нэгийнх нь “толгойлогч” гэдэгтээ жаахан найдаад байгаа бололтойдог.

Гэхдээ нам дотроосоо айхтар шахаанд орчихоод байна. Үүнийг Ц.Нямдоржийн “М.Энхболдоо. Нэг хүний эрх ашгаас дор УИХ гэж байхгүй шүү” гэж сануулсан үг чи яваад өгөөч ээ гэсэн тод санаа юм болов уу.

Үнэндээ тэр хурлаа удирдана гээд өндөр ширээндээ суугаад байгаа ч гишүүдийнх нь 50 илүү хувь нь орж ирэхгүй “бойкот” хийгээд байгаа нь бас шахалт даа. Эцэст нь хэлэхэд МАН-ынхан ер нь маанаг болчихсон юмсан уу. Хэн нэгний шидсэн өгөөшийг ховдоглон үмхээд л бий болоод буй үймээний хөлд “үрэгдэгчид” нэмэгдээд л байна даа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин