НИТХ-ын төлөөлөгчид ажлын байранд архидан согтуурч зодоон хийсэн гэх мэдээлэл гарч буйтай холбогдуулан өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонбаяр, Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Өлзийбаяр нар хэвлэлийн хурал хийж тайлбар өглөө.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Б.Батбямба, “Өчигдрөөс эхлэн манай нутгийн захиргааны удирдлагуудтай холбоотойгоор, тухайлбал, НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд нэр бүхий хүмүүс архидан согтуурч, зодоон хийсэн гэх ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд тархаж олон нийтэд хүрч байгаад сэтгэл эмзэглэж байна.

Мэдээлэлд дурдагдсан 12-р сарын 12-ны өдөр буюу өчигдөр НИТХ-ын даргын өрөөнд тийм ямар нэг үйл явдал болоогүй. Дээрх мэдээлэл нь хуурамч, ташаа, зохион байгуулалттай гүтгэлгийн шинжэйгээр зориудаар тарааж байгааг нарийн бичгийн даргын хувьд болон өөрийн зүгээс албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь тэр мэдээнд миний нэр хүртэл дурдагдсан байсан. Энэ талаар НИТХ-аас шүүх, хуулийн байгууллагад албан ёсоор хандаж, холбогдох хүмүүсийг тогтоож байгаа” гэв. Тэрээр Нийслэлийн төр, захиргааны байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь Төрийн тусгай хамгаалалтанд байдаг обьект юм гэдгийг онцолж байв.

Төрийн тусгай хамгаалалттай байранд архидан согтуурч зодоон хийсэн явдал гараагүй

Хэрэгт оролцож байлцсан гэх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Өлзийбаяр хэлэхдээ, “Сошиалаар явж буй тэр мэдээлэл нь хуурамч, гүтгэлгийн чанартай байна. Учир нь зодоонд оролцож бие нь муу, эмнэлэгт байгаа гэж мэдээлсэн миний бие эв эрүүл ажлаа хийгээд энд сууж байна” гэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонбаяр, “Төрийн тусгай хамгаалалтанд байдаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь онцгой бүс юм. Ерөнхий сайдын гаргасан захирамжийн дагуу төрийн байгууллагуудад согтууруулах ундааг оруулж, хадгалах, согтуу хүн орох зэрэг нь дүрэм журмын дагуу хориотой, байрны харуул хамгаалалт чанга байдаг” гэсэн тайлбарыг өгч байв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: Монцамэ агентлаг