Монгол Улсын Засгийн газар Японы Засгийн газрын ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS" төслийн Удирдах хорооны зургаа дахь буюу хаалтын хурал Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яаманд боллоо.  

    2016 оноос хэрэгжиж эхэлсэн тус төслийн хүрээнд  сургалтын хөтөлбөрийн менежментийг сайжруулах зорилгоор сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үе шат бүхий хоорондоо уялдаа холбоотой үйл ажиллагааг үндэсний түвшинд 10 жилээр төлөвлөх аргачлал бэлэн болгосон юм. Энэ аргачлалыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв зэрэг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хамтран боловсруулжээ. Уг  аргачлалыг үр дүнтэй хэрэгжүүлснээр боловсролын салбарт тулгамдаад байгаа сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах асуудал шийдэгдэх юм.  Хурлаар төслийн үр дүнг хэлэлцэж, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудал, төслийн дараах арга хэмжээний талаар санал солилцлоо.

   Төслийн удирдах хорооны дарга буюу БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Хөрөнгө хүч зарцуулан судалгаа, үндэслэлтэйгээр боловсруулсан аргачлалыг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход онцгой анхаарах болно. Яамны зүгээс хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан. Аргчалалыг ашиглах эхний алхам нь үндэсний зөвлөл байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх юм. Энэ ажлыг шуурхайлах болно. Мөн аргачлалыг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүдийг боловсролын салбарын мастер төлөвлөгөөний ажлын хэсэгт оруулах хэрэгтэй” гэлээ.  

   Удирдах хорооны хуралд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр болон бусад газрын дарга, мэргэжилтнүүд, “Процесc” төслийн мэргэжилтэн Фүкүо Томохиро, Японы Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Мацүхаши Томоюки, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Боловсролын хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн Фүжита Эрика болон Боловсролын хүрээлэн, Боловсролын Үнэлгээний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, их дээд сургуулийн төлөөлөл, бусад холбогдох албаныхан оролцлоо.