Тэртээ 90- ээд оны эхээр Монголд анх арилжааны банкууд байгуулагдаж эхлэхэд нэр төдий байсан “Капитал” банк хэний өмч вэ? гэсэн асуулт олон хүний анхаарлын төвд байдаг. Капитал банк анх 1990 онд “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк”нэртэйгээр байгуулагдан 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр арилжааны банкны анхны лицензийг авсан түүхтэй. 

1998 онд банкыг “Шинэчлэл” банк гэж нэрлэх болсон. Энэ нэрний учрыг банк санхүүгийн “толгой” гэгддэг зарим хүмүүс Хөрөнгө Оруулалт Технологи Шинэчлэлийн банкыг дампууруулахад тухайн үеийн ЗГ-тай хамтран ажилласаны хүчинд ХОТШ банкны суурь дэвсгэр болох “Эрдэнэт”, “Говь” зэрэг Монголын томоохон үйлдвэрлэгчид, татвар төлөгчдийн мөнгийг “хуйвалдан”-аар бараг 10 жил үйл ажиллагаа явуулаагүй хуучнаар Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банкиндаа “Шинэчлэл” нэр өгч татсан ч гэдэг.    Энэ бүх булхайгаа далдлахын тулд 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн банкны бүх гишүүдийн хурлаар банкны шинэ дүрмийг баталж, банкны нэрийг  “Капитал” банк болгон өөрчилсөн гэгдэх асуудалд “Номин холдинг”-ийнхон ч хувь нийлэн оролцсон тухай баримтыг ХОТШ банкны экс удирдлагууд нэгэнтээ дурдсан байдаг. Тухайн үеийн засгийн газар “Капитал” банкинд хөрөнгө оруулагчдыг цуглуулахын тулд бүхэл бүтэн нэг банкыг дампууруулж оролцохдоо бас хуучин Энхтайван найрамдлын ордонг бэлэглэхээ ч алдсан.

    Тус банкны угшил “Бишрэлт” группээс үүдэлтэй. Банк – Бишрэлт – Энхтайван найрамдлын холбооны ЕНБД Д.Билэгт гэсэн гурвалжинг байгуулсан талаар нэхэн хөөвөл нэгэн цагт Билэгт дарга “Ордоноо хамтраад зарах уу. миний хүүд уурхай байгуулах мөнгө хэрэгтэй болчихлоо. 1,5 сая ам.доллар гэхэд арай үнэтэй байна. Тэгэхээр 1,2 сая орчимд бол болох байх” хэмээн ярьж явжээ. Ямар ч бизнесмэнд ашигтай санал тавихад татгалзах “тэнэг” хүн байхгүй. Тэр тусмаа барилга нь бус газар нь хэзээ нэгэн цагт үнэд орохыг ямар ч бизнесмэн олж харж чадна. Тэр дундаа хотын “А” зэрэглэлийнх шүү дээ. Ингээд Бишрэлтийн охин компани болох “Юнико констракшн” худалдан авсан аж. Харин тэр дор нь бартлга бариад хуучин ордоныг нураагаад эхэлсэнгүй. Нэг хэсэгтээ харзнаж эргэн тойрон дахь газрыг өөрийн өмчлөлд авахын тулд улайрч нэг хэсэгтээ төр засгаас анхаарах “сөхөөгүй” байсан Энхтайван найрамдлын ордоныг бусад компаниудад түрээслэж эхэлжээ. Юу юуны духанд хүрэлгүй “Капитал” банкаа ил гаргахгүйн тулд Билэгтэд нэгэн санал тавьж “нууц”-ын нууц болгон хав дарсан нь бас учиртай. Ингэхдээ Билэгтийг зарсан мөнгөө “Капитал” банкинд байгууллагын хадгаламжинд хийх, мөн ордонг буулгалгүйгээр эхний ээлжинд урд талбайд нь барилга барих гэрээтэй байсан ч гэдэг. Учир нь Энхтайван найрамдлын ордонг буулгаад эхлэвэл яг төв зам дагуу байрладаг, дээр нь “А” зэрэглэлд багтдаг болохоор хэл ам  зайлшгүй гарах нь тодорхой учир эхлээд нүүрэн талыг нууж барилга барих шаардлага гарчээ.

      Энэ тийм ч амар бүтэх зүйл биш нь харагдаж саяхан болж өнгөрсөн хурлаар холбооны хурлаар хэзээ ч суудлаасаа буухгүй мэт аашилж байсан Билэгт Энхтайван найрамдлын холбооны ЕНБД-ын суудлаас “өнхөрчихөж”.  Харин Бишрэлт группын Капитал банкин дахь Билэгтийн байгууллагын дансаар нээсэн хадгаламж барьцаа болон одоог хүртэл хадгалагдсан хэвээр. Ямарч тэнэг хүн жилд ердөө 0,66 хувийн хүүтэй мөнгөө хадгалуулахгүй нь лавтай. Тэгэхээр ямар нэгэн шахаанд орсон байж магадгүй гэсэн таамаг ч бий. Өнөөдөр арилжааны банкны хадгаламжийн доод хүү сарын 0,66 байдаг. Харин Капитал банкинд Билэгтийн хийсэн хадгаламжийн хүү жилийн 0,66. Бүхэл бүтэн 11 сарын хүүний мөнгө хэний халаасанд ордог байж таарах бол.  Байгууллагын хадгаламж нээнэ гэдэг бол амар хялбар зүйл биш. Тодруулбал хадгаламж нээлгэх гэж буй байгууллагын бүх шатны албан тушаалтан танилцаж дээд удирдлага нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөржих аж. Мөнгө өгч хадгалуулах гэж байхад олон төрлийн бичиг, баримт хүсдэг байгууллагын хадгаламж “Капитал” банк болон Д.Билэгт хоёрын хооронд хялбархан болсон байна. Нэг талаасаа хадгаламжийн гэрээг байгуулахад Энхтайван найрамдлын ордонд ЕНБД албан тушаалтай Билэгт гарын үсэг зуржээ.

      Ном ёсоороо бол Д.Цахилгаан дарга гарын үсэг мутарлах ёстой. Энэ нь тус холбоог нэг хүний хувийн өмч мэт ашиглан хандсан үйлдэл юм. нөгөө талаасаа “Капитал” банкны гүйцэтгэх захирал, “Бишрэлт” группын ерөнхийлөгч  А.Ариунболд баталгаажуулан “Капитал” банкыг төлөөлж Санхүүгийн удирдлагын газрын захирал Б.Янжин гарын үсэг зуржээ. Өнөөдөр Энхтайван найрамдлын ордон дотор “Бишрэлт пропертиз захиргаа” гэх хаягтай санамж өлгөөтэй. Мөн ордонг Бишрэлтийн охин компани авсан гэдгийг ч мартах учиргүй. Тэгэхээр “Юнико констракшн” худалдан авч “Бишрэлт пропертиз” эзэмшиж “Капитал” банк санхүүжүүлж байгаа юм чинь нэг эзэнтэй болохоор хэний ч нэрээр хаягласан хамаагүй. Яах аргагүй “Бишрэлт” групп энэ асуудалд гар болон оролцож байгаа болохоор Энхтайван найрамдлын ордон тэдний л өмч. Тэр бүү хэл түрээслэгчдийн түрээсийн мөнгийг ч “Бишрэлт” Капиталаараа дамжуулан авдаг.  За ингээд өчнөөн жилийн түүхтэй “Капитал” банк дампууруулж, түрээсийн мөнгөөр амь зогоодог гэж хэлж болохоор шахуу ухагдахуун гарч ирнээ. Учир нь 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж ямар ч засгийн үед дампуурах бус харин ч дампууруулсан банкны хөрөнгөөр бусадтай нэгдэн амиа зогоогч гэж хэлж болохоор “Капитал”-ы ард хэн байдгийг, хотын төвийн “А” зэрэглэлийн газарт олон улсын статустай явах эрхтэй Энхтайвны найрамдлын ордоныг газартай юутай хээтэй нь ЕНБД асан Билэгттэй нь худалдаад авчихсан “Бишрэлт“, түүний охин компани “Юнико констракшн” гэсэн алтан гурвалжингийн “нууц ноёнтон”-г олохын тулд томоохон ажил ундрах биз.

Б.Билгүүн