Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар Германы алдарт дуучин Нана Квамэ Аброква гуравдугаар сарын 1-нд Монголд тоглолтоо хийхээр болсон.

Тэгвэл  уг холбооны төлөөлөл Монголоос анх удаа дэлхийн одын өөрийн оронд тоглох тоглолтонд зориулж бүрэн хэмжээний ярилцлагыг авсан билээ.  2013 оны 12 дугаар сарын 16-нд ХБНГУ дахь Mонголын элчин сайдын яаманд алдарт дуучнаас авсан ярилцлагын үргэлжлэл хэсгийг уншигчдадаа хүргэж байна.

Уран бүтээлч болоход тань юу танд хамгийн их нөлөөлж, урам зориг, онгод хайрласан бэ?

Энэ үнэхээр сайхан асуулт байна. Хөгжим надад хэзээд ойр дотно мэдрэмж төрүүлж ирсэн. Би чин сэтгэлээсээ дуу хөгжимд хайртай, дуртай нэгэн байсаар ирсэн. Би анх хөгжимтэй холбогдохдоо Rep-ээс эхлээд soul, rnb, rock хүртэлх бүх төрөл, чиглэлийн дуу хөгжмийг сонирхож сонсдог байсан. Одоо ч гэсэн би Micheal jackson, Public enemy, PMD, The Police, rock чиглэлээс ASDC гэх мэт янз бүрийн урсгалын дуучид, хамтлагуудыг сонсдог. Миний анхны гараа DJ-гээс эхэлсэн шүү дээ. Би олон сайхан уран бүтээлчдийг харж, урам зориг авдаг байсан.

Одоо өөрийнхөө дуртай, хайртай зүйлээ мэргэжил болгоод, бас хүмүүсийг өөрийнхөө уран бүтээлээр хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж байгаадаа үнэхээр их аз жаргалтай байдаг. Одоо ингээд Монгол руу хүртэл уригдаад очиж байгаа нь маш сайхан санагдаж байна. 

Дуучин болоход тань юу хамгийн их нөлөөлсөн бэ? Мөн анхны гарааныхаа тухайд?

Ер нь бол надад тэгж их нөлөөлсөн юм байхгүй. Яагаад гэхээр надад өөр сонголт байгаагүй гэх үү дээ /Инээв/. Учир нь би багаасаа л хөгжимд хайртай байсан. 16 настайгаасаа хөгжмийг илүү их сонсдог болж эхлээд 19 наснаасаа DJ хийж уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Ээж маань үүнийг хамаг чадлаараа эсэргүүцэж байсан ч надад тийм ч их цаг хугацаа байгаагүй, би хөгжимгүй амьдарч чадахгүй гэдгээ л мэдэрч байсан. Миний найзууд, хамтран ажилладаг хүмүүс маань мөн л над шиг DJ байсан. Бид хамтдаа урлагийн гараагаа эхлээд, надад ямар ч алдар цол байгаагүй тэр үед нэг найз маань намайг шууд л өөрийн дураар MC хэмээн өргөмжилж билээ. Тэгээд л MC гэдэг сайн дураараа өгсөн цолноос би реппер болсон юм даа. /Инээв/

Анх тайзан дээр гарсан түүх маань одоо бодоход маш аймшигтай, бас их инээдтэй санагддаг. Өө бурхан минь, би тайзан дээр гараад л шууд дууныхаа үгийг мартчихсан. Тэр үед надад үнэхээр аймшигтай, ичмээр мэдрэмж төрж байсан. Би гартаа микрофоноо барьчихсан, үнэхээр сандарсан байсан л даа. Аз болж миний хажууд өөр нэг MC байсан, би түүнд шууд л микрофоноо өгөөд алга болсон. Тийм ээ, анхны тайз маань ийм л байсан. Одоо бол мэдээж бүх зүйл өөр. Тайзан дээр гарах үнэхээр сайхан мэдрэмж.

Таны амжилтын хамгийн оргил үе хэзээ тохиож байсан бэ?

Би оргил үеэ яг төдий хугацаанд, тэнд энд гэж хэлэхгүй. Миний оргил үө 1996 оноос эхэлсэн гэж би боддог. Би анхны сингл “Darkman”-аа гаргасны дараа ар араасаа олон дуунууд маань хит болсон. Миний мөрөөдөл биелсэн. Би маш богино хугацаанд олны танил болж, олон орнуудаар аялан тоглосон. Энэ үеийг л би оргил үе маань гэж хэлнэ дээ. Миний уран бутээлээ тууривах тэр үйл явц бүр миний амьдралын оргил үеүд байх болно.

Би их азтай хүн. Өөрийнхөө хайртай дуртай зүйлийг мэргэжил болгоод түүгээрээ амжилт гаргаад явж байгаадаа үнэхээр их баярладаг. Бурханаас заяасан авьяасаар хүмүүст аз жаргал өгч чадаж байна аа гэдэг бол маш агуу зүйл.

Ta хүүхэд насныхаа тухай дурсаач? Та өөрөө хүүхэдтэй юу?

Миний хүүхэд нас үнэхээр сайхан байсан. Миний аав менежер, ээж багш хүн байсан. Тэд маш сайн аав ээж байж чадсан, ажилсаг гэр бүлд төрж өссөндөө би одоо ч бурхандаа талархаж явдаг. Хүүхдэд анхнаас нь ямар суурь хүмүүжил өгөх нь маш чухал. Хүн тэр хүмүүжлээрээ ирээдүйд амьдрах болно. Намайг юугаар ч дутаалгүй сайн хүн болгон өсгөсөнд нь би үнэхээр баярлаж явдаг.

Би хоёр сайхан хүүхэдтэй. Охин тэгээд хүү. Хүүхдүүд гэдэг үнэхээр гайхалтай бурханы бэлэг шүү.

Та сайхан хайртайгаа учирсан уу? Энэ талаар...?

Тийм ээ, би сайхан хайртай учирсан. Үнэхээр би гүн гүнзгий тэр сайхан хайрыг олсон. Энэ бол хөгжим. Бас миний хайртай фэнүүд.

Таны амьдралын хамгийн хүнд хэцүү үе хэзээ байсан бэ? Тэр үеэ яаж даван туулсан бэ?

Миний аав, ээжийн нас барах тэр үеүд миний амьдралын хамгийн хүнд хэцүү байсан. Миний ээж, аав 10 жилийн зайтай нас барсан. Ээжийгээ нас барах үед би дөнгөж 18 настай байсан. Германд аль хэдийн ирчихсэн, дуу хөгжимтэй холбогдоод эхэлчихсэн байсан үе. Би айлын том хүү, хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй л дээ. Ээж маань хөхний хорт хавдраар нас барсан. Би тэр үед зүгээр л бусдын туслалцаа хэрэгтэй жаахан хүүхэд байснаа ухаарсан. Өмнө нь өөрийгөө их том болсон гэж бодоод явдаг байсан. Гэхдээ хүнд үеүд намайг тэр бүхнийг давж гарах хүч, тэнхээтэй хүн болгосон.

Миний энэ үеийн амьдралын тухай олон зүйлийг олж мэдэхийг хүсвэл миний эхний альбомыг сонсоод үзээрэй. Миний хувийн амьдрал, миний дотор юу болж байсан талаар ихийг олж мэдэх боломжтой. Хүнд хэцүү бэрхшээлүүд хүнийг төсөөлшгүй хүчтэй болгодог. Хүнд хэцүү үеүд үргэлж хойноосоо сайн сайхан зүйлийг дагуулж байдаг гэдэгт би итгэдэг. Хүн үргэлж сайн сайхан юмны талаар бодож байх хэрэгтэй. Нэг бүдэрлээ, хэцүү зүйл тохиолдлоо гээд дандаа эсрэг муухай юм бодож болохгүй. “Ying yang” гэж хятадаар хэлдэг шиг хүний амьдралд хүнд ч үе бий, сайхан ч үе бий, хэзээ ч битгий бууж өгөөрэй. Энэ чинь л амьдрал шүү дээ.

Таны хамгийн хэлэх дуртай үг юу вэ?

Миний хэлэх дуртай үг бол “Бүх зүйл боломжтой”. Тийм ээ, энэ бол миний хамгаас хэлэх дуртай үг. Хэрвээ хүн дотроо нэг зүйлийг хүсч түүнийхээ төлөө тэмүүлж чадаж байвал бүх зүйлийг хийж бүтээх боломж бололцоо аяндаа гарч ирдэг.

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Миний хобби ерөнхийдөө энэ тэрүүгээр аялах, хоол хийх, хүмүүстэй чин сэтгэлээсээ ярилцаж суух, тэгээд мэдээж хөгжим бол миний хамгийн том хобби шүү дээ. Би их олон зүйл сонирхдог. Жишээ нь би эдийн засгийн талаар их сонирхдог. Би шинэ соргог зүйлийг сурч мэдэх, унших хоббитой. Би тархиндаа их олон зүйлийг хийхийг эрмэлзэж тэр бүхнээ хобби болгож яваа хүн.

Та голчлон ямар брэндийн сонголт хийдэг вэ?

Энэ үнэхээр хэцүү асуулт байна. Би брэндүүдэд дуртай. Тансаг зүйлүүдэд ч мэдээж дуртай. Брэнд болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ яг тэр нь надад илүү таалагддаг гэж хэлэх хэцүү юм. Вurberry, Рrada, Аrmani, Versage (versaje) гэх мэт бүгдийг нь л хэрэглэдэг, бүгд л сайн.

Та ямар хүнийг жинхэнэ эмэгтэй хүн гэх вэ? Эмэгтэй хүний ямар ааш зан таалагддаг вэ?

Би эмэгтэй хүнд хайртай, Би ямар гэдгээс нь шалтгаалахгүйгээр тэднийг хайрлаж хундэлж явдаг. Тэд амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс шүү дээ.  Жишээ нь гэр орныг эмэгтэй хүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэд байхгүй бол ямар ч халуун дулаан уур амьсгал байхгүй. Бас эмэгтэйчүүд маш ухаалаг байдаг, эрэгтэй хүмүүсээс ямагт түрүүлж сэтгэдэг.

Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх ёстой. Гэхдээ гаднаасаа биш дотроосоо. Хааяа угаалгын өрөө рүү ороод хэдэн цаг алга болчихоод шал өөр хүн болоод гарч ирдэг. Тэр нь ч гэсэн их хөөрхөн. Би жишээ нь хэзээ ч ижил хүйстэн байж чадахгүй. Ийм үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг хараад би хааяа ижил хүйстнүүдээс “Чи яаж ижил хүйстэн байж чадаж байна аа?” гэж асуумаар байдаг. Гэхдээ энэ миний л бодол шүү дээ.

Хааяа эмэгтэйчүүд их аюултай байж чаддаг, гэхдээ чи тэд нараар оролдож зэвүүцлийг нь хүргэсэн тохиолдолд л тэд хариугаа авах маягаар маш аюултай болдог. Ямар ч эмэгтэй хүн маш хүчтэй, хүссэн бүхнээ өөрийн болгож чаддаг. Тийм ээ, бүсгүйчүүд ээ та нар бол үнэхээр хүчирхэг, гайхалтай сахиусан тэнгэрүүд.

Та арьс өнгөөр ялгаварлах үзлийн (racism) талаар санал бодлоо бидэнтэй хуваалцаач?

Би арьс өнгөний гадуурхлыг өөрийн амьдралаараа туулж байсан. Би ХБНГУ-д өсөж торнисон, анх 12 настайдаа энд ирж байсан. Би Гана улсад амьдардаг байхдаа олон улсын сургуульд явдаг байсан. Надад Хятад, Европ гэх мэт маш олон тив улсаас ирсэн найзууд байсан. Тэнд хэзээ ч хүмүүс бие биеэ гоочилдоггүй байсан болохоор би Ганад амьдардаг байхдаа арьс өнгөний үзлийн талаар юу ч мэдэхгүй хүүхэд байсан. Германд ирснийхээ дараа би өөрийгөө “Хөөх, чи бусдаас өөр харагдаж байна” гэж бодох болсон.

Одоо бол миний хувьд арьс өнгөний үзэл, гадуурхал зэрэг нь үнэхээр хэнд ч хамаагүй зүйл. Хэрвээ хүн арьс өнгөөр бусдыг ялгаварлан гадуурхаж байгаа бол тэдний зүрх сэтгэл хаалттай хэвээрээ байна гэсэн үг. Юу тэдэнд байгаа болоод тэд надаас илүү хүмүүс болж байгаа юм бэ? Эсвэл юу надад илүү байгаа болоод чамаас илүү гараад байгаа юм бэ? Хүүхдүүд ухаан орох хүртлээ өөрийгөө бусадтай адилхан арьстай, адилхан нүд амтай гэж боддог. Жаахан ухаан ороод ирэх үед нь хүмүүс ялгавартай хандаж, чи бусдаас өөр шүү гэж яс маханд нь, сэтгэлд нь мэдрүүлдэг.

Одоо бусдыг арьс өнгөөр гадуурхдаг хүмүүс байвал “Алив ээ, бид чинь 2013 онд, орчин цаг үеийн нийгэмд амьдарч байна шүү дээ” гэж хэлнэ. Энэ бол дэндүү хоцрогдсон сэдэв. Одоо ийм хүн байвал би тэр хүнийг үнэхээр өрөвдөнө. Тэр намайг мэдэхгүй, миний дотор юу байгааг харж чадахгүй их олон зүйлээр хоцорч байна гэсэн үг. Би зүгээр л арьс өнгийг гадуурхдаг үзэл бодлоо одоо болиоч ээ, томоожоогүй хүмүүс ээ гэж хэлмээр байна.

Эрх чөлөө, шударга ёсны тухай таны бодол юу вэ?

Эрх чөлөө гэдгийг би байгаль дэлхийд, хүн бүрт, сэтгэл зүрх бие мах бодод нь байгаасай гэж хүсэж, найдаж явдаг. Хэн ч байлдаж тулалдаж бие биенийхээ амийг хөнөөх гэж энэ орчлонд мэндлээгүй. Тийм ээ, бид өөр арьс, өөр нүдтэй, өөр ёс заншил, шашин шүтлэгтэй. Бас өөр өөрийн гэсэн эх хэлтэй. Гэхдээ бид бүгд л энэ дэлхийд мэндэлсэн байгаль ээжийн үрс. Тийм ч учраас хааяа бодохоор улс орнуудыг хязгаарласан хил гэж зүйл байгаад дэмий ч юм шиг.

Яахав, бидэнд өөр өөрийн гэсэн орон зай хэрэгтэй л дээ. Гэр бүл, нийгмийн эрх чөлөө, улс төр, ажил төрлийн гээд бүх чиглэлд эрх чөлөө маш чухал сэдэв. Харамсалтай нь дэлхий дахинд болж буй үйл явдлыг сонсохоор, яагаад зүгээр л энх тайван, дайн байлдаангүй амьдарч болдоггүй юм бол доо гэж өөрийн эрхгүй боддог.

Дайн байлдаан болоод терроризмыг та аль өнцгөөс хардаг вэ?

Терроризмын талаар би сайн мэдэхгүй ээ. Террорист гэж хэн юм бэ? Засгийн газар луу чинь дайрах гэж оролдож байгаа хүн үү? Олон хүмүүсийн сайн мэдэх Nelson Mandela-гаар жишээ аваад үзье л дээ. Тэр хүн эрх чөлөөний төлөө, өөрийн засгийн газарт хар арьстай хүмүүсийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэж байсан. Мэдээж хүн ямар нэг чухал юмыг уриалаад түүнийхээ төлөө бүх амьдралаа золиослон тэмцэж байхад түүнийг нь хэн ч сонсохгүй бол тэр эсрэг үйлдэл хийж эхэлнэ.

Тэр хүмүүсийг л террорист гэж үзээд байдаг юм шиг санагддаг. Ер нь бол энэ их аюултай, хэцүү сэдэв. Хүн болгоны террорист гээд байгаа тэр хүмүүсийг бүгдийг террористууд гэж хэлэхэд хэцүү бас буруу гэж би боддог.

 

      ЯРИЛЦСАН Г. ГАНЧИМЭГ /МОНГОЛ-АВСТРИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО/