Монгол-Туркийн хамтарсан “Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монголоос бүр явсан талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн мэдээлжээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш” гээд Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч Прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан бөгөөд түүнийг Монголоос 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан" гэв.

Вэйсэл Акчайг энэ оны долдугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн машинд хүчээр суулган авч явж, хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Эл хэргийг хуулийн байгууллага нууцын зэрэглэлд шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл өнөөдрийг хүртэл байхгүй байсан юм. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд хилийн хориг тавиад байсан нь ийнхүү цуцлагдаж, гэр бүлийн хамт нутаг буцжээ.

Сануулахад, Вэйсел Акчай 2018 оны аравдугаар сард  Монгол Улсад бүр оршин суух зөвшөөрөл хүсч, цагаачлах хүсэлтээ холбогдох албаныханд хүргүүлээд байсан юм. Тэрбээр Монголд 19 жил 11 сарын хугацаанд амьдарсан бөгөөд хуулиар бол 20 жил амьдарсан тохиолдолд цагаачлах боломж бүрддэг. Монгол Улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг боловч тэрбээр шийдвэрээсээ буцаж, ийнхүү нутаг буцсан байна.