• Нэгдүгээр сард Сүхбаатарын ихэнх нутгаар, Хэнтийн баруун хойд, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын “Урьдчилан мэдээлэх хэлтэст" гэсэн хаягаар ирүүлнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Нэгдүгээр сарын агаарын температурын уур амьсгалын  дундаж нь Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр 26-32 градус, Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутаг, Баян-Өлгийн хойд,  Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговийн өмнөд,  Төв аймгийн баруун өмнөд хэсгээр12-18 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг  боловч сүүлийн 20 гаруй жилийн байдлаар 1981, 1984, 2000, 2005, 2008, 2010, 2011 онуудад ихэнх нутгаар, 1990, 2001 онд нутгийн зүүн хагаст, 2016 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 2-10 градусаар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47-55 градус, бусад нутгаар 38-44 градус хүрч хүйтэрсэн бол 1982, 1985, 1986, 1989, 1992, 1994, 1999, 2002, 2006, 2007, 2015 онуудад ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1-7 градусаар дулаан байж, өдөртөө Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд,  Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 1 градус хүйтнээс 5 градус хүрч дулаарч байжээ.

Энэ сард уур амьсгалын дунджаар Ховдын өмнөд, Увс, Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 2-4 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог боловч 1980, 1982, 1993, 1995, 1999, 2006 онуудад ихэнх нутгаар, 1984, 1992, 2009 онуудад нутгийн баруун хагаст тун бага цас орсон бол 1987, 2002 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 1990 онд говь, зүүн зүгийн нутгаар, 2001, 2003, 2005, 2007 онд баруун, төв, зүүн зүгийн нутгаар, 2010 онд ихэнх нутгаар, 2011 онд баруун, төв, говийн нутгаар уур амьсгалын дунджаас 1-4 дахин их цас оржээ. Уур амьсгалын дундаж байдлаар говийн нутгаар 1-4 см, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10-15 см, бусад нутгаар 4-9 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жилүүдэд цасны дундаж зузаан 40-60 см-т хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байжээ.

Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1990, 1994, 1996 онуудад Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Төв, Дундговийн нутгаар 20-28 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч байжээ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Бaруун зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн буюу Увс, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн  хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 29-34 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгийн баруун, Ховдын өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын өмнөд, Говь-Алтайн нутгаар уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.   

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 26-31 градус, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч  Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Сүхбаатарын ихэнх нутгаар, Хэнтийн баруун хойд, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн зарим газраар  цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх ба нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй.      

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин  хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Энэ сард Дундговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.