Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа талаар мэдээлсэн байдаг.

Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг өчигдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр таалал төгсчээ. Түүнийг сэтгэл санаанаас үүдэлтэйгээр ходоодны хорт хавдраар нас барсан гэсэн албан бус эх сурвалжийн мэдээ байна.

Тэрээр өнгөрсөн сарын 11-нд хүүгийнхээ амь нас хохирсон хэргийн үнэн мөнийг олж өгөхийг шаардан хэвлэлийн хурал хийх үеэрээ "Миний бие хохирогчийн аав болох Р.Төмөрхуяг юм. Бид талийгаачийн 49 хоног дээр нь хэвлэлийн хурал хийж байсан. Манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд дахин хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Хууль хяналтынхан үнэн зөв шийдэх байх гэж хоёр сар хүлээсэн. Гэтэл тийм биш юм. Эхэндээ шүүх хэргийг шалгаж авч, тодорхой нэмэлт байцаалт явуулаад сайн байсан. Гэтэл удаашрах тусам итгэл алдарлаа. Үнэн зөвөөр шүүж өгөхөөр байдал үүссэнгүй. Шүүх хяналтынхан бүрэн ажиллахгүй байна. Зарим нотлох баримт байхад тэрний араас явахгүй байна. Бидний сэтгэлд хүрэхгүй их богино хугацаанд бид нарт мэдэгдэхгүй шүүхэд шилжүүлэхээр болсон. Хэрэг үйлдэхэд хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Махбалын хэргийг анхны зүйл ангиар хөнгөн шийтгэх гэж байна. Бид нар хүүгээ албан тушаалын улмаас санаатай алдсан гэсэн байр суурин дээр хэвээрээ байгаа. Тэр мэдээллийг дэд сайд байсан Б.Цогтгэрэл ил болгосон.

Миний хүүгийн албан тушаалыг авах гэж санаатай алсан шүү дээ. Ер нь юм болгоныг нэг талд шийдэх гэж байна. Мөн цаанаас нь улс төрийн урт гар орж ирээд шийдэх гээд байгаа гэж хардах нөхцөл байдал үүссэн. Тийм учраас бид та нарт хандаж байгаа юм. Миний хүү бол хуульч хүн байсан. Би хүүгээ хуулийг гууль болгохгүй сайн ажиллаж байгаарай гэж их захидаг байсан. Миний хүүг хүмүүс их шударга, сайн хүн гэж хэлдэг байсан. Тийм ч учраас миний хүү эх орныхоо хөрсөн доор нойрсож байна. Би энэ хэргийг буруу шийдэх гэж байгааг дээш нь хүргэх гэж хичээж байгаа юм. Прокурор дээр хэргийн зүйл ангийг буулгаж, хөнгөн шийдэх гэж оролдож байгаа харагдаж байна. Миний хүүгийн хэрэг Засгийн газрыг огцруулах бас нэг зүйлд орж байсан. Ийм байж миний хүүгийн амиа алдсан хэргийг үнэн зөв шийдэж болохгүй юм байхдаа гэж бодож байгаа" хэмээн хэлж байв.