Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгасан байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлсэн аж.

Нэр бүхий таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Уг хэргийг хамтран үйлдсэн гэр бүлийн гишүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлснийг 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд арван жилийн хорих ял, О.Дарханбаярт найман жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт таван жилийн хорих ял тус тус оногдуулжээ. Дашрамд дуулгахад 2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр иргэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарыг хүн худалдаалах, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноож байсан билээ. Тодруулбал, шүүгдэгч Б.Батзаяад 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн