УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, тус намын Улс төрийн зөвлөлөөс ирүүлсэн ээлжит бус сонгууль зохион байгуулах тухай мэдэгдлийг хэлэлцэж, дэмжжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “УИХ 2018 оны намрын чуулганаар нийт 23 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснөөс ердөө нэг буюу Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Эрх баригч намын дотоод хагарал төрийн ажлыг гацаагаад удаж байна. Тиймээс ч Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс ирүүлсэн өнөөгийн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулах тухай мэдэгдлийг хэлэлцэж, дэмжсэн. Манай бүлгийн зүгээс Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, ээлжит бус сонгууль зохион байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулан, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ” гэв.