УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт тусгасан байна. Мөн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр тусгасан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, хуулийн төслийг өргөн барих болсон шалтгааныг О.Баасанхүү гишүүн тодрууллаа.

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж 40 гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний улмаас хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа нэг сар гаруй гацаж байгаа юм. Уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс хуулийн төслийг боловсруулсан хэмээн З.Энхболд дарга тайлбарлав.

Харин Ж.Батзандан гишүүн, “МАН-ын гишүүд УИХ-ыг тараах санал гаргаж, чуулганаар батлах хэрэгтэй. Гэхдээ тарахын өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь чухал. Ганц өгүүлбэртэй хуулийн төслийг баталснаар төрийн ажил гацаанаас гарахгүй” гэлээ.

Түүнчлэн Д.Эрдэнэбат гишүүн АН-ын бүлэг УИХ-ыг тараах албан бичиг боловсруулахаар төлөвлөж буйг дурьдаад, гишүүдийг гарын үсэг зурахыг хүссэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Монгол төр дархлаатай, тогтвортой байх ёстой. Өнөөгийн УИХ бол цаг зуурын үзэгдэл. УИХ-ын гишүүд төрийн ажлыг гацаахын оронд тарах хэрэгтэй” гэв.

Харин УИХ-ын дарга М.Энхболд, “Намайг хууль зөрчсөн мэтээр дайрч байгаа. Гэхдээ олон түмэнд бодитой мэдээлэл нь хүрч, үнэн зөв нь тогтоогдох цаг ирнэ гэж найдаж байгаа. Нэр бүхий 40 гишүүнээс ирүүлсэн намайг огцрохыг шаардсан албан бичгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд, хууль зөрчсөн шаардлага тул хэлэлцэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх зорилгоор Ерөнхийлөгчийн боловсруулсан төслийг дэмжиж байгаа” хэмээсэн юм.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.