Өнөөдөр 12:00 цагт Д.Сүхбаатарын талбай дээр “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний сүрт жагсаал” болно. Төрийн түшээд нь түмэн олонтойгоо нэгдсэн энэ жагсаал амжилтад хүртлээ өндөрлөхгүй гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байгаа.

Тэмцэгчид УИХ-ын дарга М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс хэмээн нэрлэж, түүнийг огцрохыг шаардаж жагсаалаа суулт, өлсгөлөнгөөр үргэлжлүүлнэ гэсэн. Хэрэв УИХ-ын дарга огцрохгүй бол тэмцэгчид төв талбай дээр 100 цагаан гэр барьж, улс төрийн суулт цаашлаад өлсгөлөнгөөр тэмцлээ үргэлжлүүлэх юм. Тэмцлийн энэхүү хурц хэлбэрт шилжих хүсэлтээ илэрхийлээд байгаа 200 гаруй сайн дурын хүн байгаа юм билээ. Дээр нь УИХ-ын гишүүд ч өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа зарлаад байна. Тэгэхээр өнөөдөр төв талбай дээр болох түмний сүрт жагсаалаас улс төрийн огцом эргэлтүүд гарч болзошгүй байгаа юм.