Эмч нарын цалинг энэ сарын 01-нээс 122-270 мянган төгрөгөөр нэмэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.

Засгийн газрын хуралдаанаар, эмч нарын цалингийн шатлалыг ТҮ4, 5-аас ТҮ6, 7 руу шилжүүлж, 21.3-47.1 хувь буюу 122-270 мянган төгрөгөөр нэмжээ. Мөн сонсгол засалч, дүрс оншилгооны техникч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан болон хоол зүйч, эм найруулагч, эрүүл мэндийн мэдээллийн техникч нарын цалингийн шатлалыг өсгөхөөр болжээ. Түүнчлэн түргэн тусламжийн 511 жолоочийн 400 мянган төгрөгийн цалинг 142 мянга 928 төгрөгөөр нэмэх болсныг Д.Сарангэрэл сайд дурдаад, “Өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын гол ачааллыг үүрч буй сувилагч нарын цалинг 30 хувиар буюу 127-183 мянган төгрөгөөр нэмсэн билээ” хэмээв.