Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр товлосон боловч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагт хийхээр хойшлууллаа. 

Түүнийг гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.

Хэргийн талаар эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан билээ.