Батлан хамгаалах их сургуулийн  багш, Дэслэгч н.Б  гэгч  өчигдөр 22:00 цагийн орчимд дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэн, эхнэртээ агсам согтуу тавьсан байна. Үүгээр ч зогсохгүй гэртээ  орох гэж байсан эмэгтэйг орцных нь үүдэнд барьж аван “Би чамайг зодчих уу?” гэж асууж улмаар нүүрэн тус газар нь удаа дараа цохиж гэмтэл учруулжээ.  Хохирогч эмэгтэйг  ална хэмээн  заналхийлэн хөөж, зугтсаных нь төлөө ална хэмээн  чулуу барин орцных нь үүдэнд хүлээн сууж байсан юм.  Тэрбээр хүн алахыг завдах үедээ  цагдаад баригдсан байна.  

н.Б нь энэ чулуугаар цохиж ална хэмээн байрныхаа орчимд хохирогч эмэгтэйг хүлээн зогсож байхдаа цагдаа нарт саатуулагдсан юм. 

Тэрбээр хохирогч эмэгтэйг танихгүй бөгөөд гэр бүлийн  маргааны улмаас бухимдан уураа бусдад гаргасан гэдгийг хэлж байлаа.  Батлан хамгаалахын дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэн,  танхайрсан н.Б-г цагдаа нарт саатуулагдаад байхад нь бид цөөн зүйл тодрууллаа.

-          Яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ?

-          Яагаа ч үгүй ээ. Би юу ч мэдэхгүй ш дээ...

-          Дүрэмт хувцастай байж согтууруулах ундаа хэрэглэж болж байгаа юм уу?

-          Би хэн ч бишээ.  

-          Өс занаад зодож байгаа юм уу?

-          Үгүй ээ, наад хүнийг чинь танихгүй гэж тэрбээр хэлж байлаа.  

БХИС-д багшилдаг  Дэслэгч н.Б нь саатуулагдах үедээ “Та нар намайг яаж ч чадахгүй. Би Батлан хамгаалах их сургуулийн багш  байна. Би гараад  л ирнэ за юу” гэх мэтээр агсамнаж, хохирогч эмэгтэйг цагдаа нарын дэргэд сүрдүүлсээр байсан.   

 Уг нь  Батлан хамгаалах, цэрэг, цагдаагийнхан дүрэмт хувцсыг ёс бус өмсөх хориотой байдаг.  Мөн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглодог. /Хэрвээ дүрэмт хувцас ёс бус өмсөн, архидан согтуурсан бол  сануулах, арга хэмжээ тооцох, ажлаасхалах, цолыг нь хураах хүртэл арга хэмжээ авдаг./  Тэгтэл БХИС-ийн багш н.Б нь дүрэмт хувцсыг  ёс бус өмсөхийн зэрэгцээ согтууруулах ундаа хэрэглэн бусдын биед халдаж, ална хэмээн сүрдүүлсэн юм. Албаны хувцастай, хөл нүцгэн бусдыг ална хэмээн сүрдүүлсэн багшид БХЯ-ны ёс зүйн албанаас хариуцлага тооцох биз. 

Уг хэргийг өнөөдөр БЗД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

А.Баярмаа