Монголын нэг өглөө автобус хүлээлтээр эхэлж байна. Наймдугаар сараас эхлэн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх гэж бөөн л төөрөгдөлд орж явна. Учир нь автобусны чиглэлийг өөрчилж орхисонд байгаа юм. Өнгөрөгч оны мөн өдийд 10 хоногийн турш 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчихоор болсон юм. Хотын захирагч Э.Бат-Үүлийн шийдвэрээр журам 10 хоногийн туршилтын хугацаатай үргэлжилсэн.

Үүнд иргэд өдөрт 500 төгрөгөөр явах нь таалагдсан ч гэлээ. Нөгөөтэй-гүүр ихээхэн бухимдалд орсон билээ. Тэд дамжин суултаар хийсээр ажлаас хоцрох, дараагийн автобусаа хүлээх гээд асуудал их гарсан. 

Тэгвэл дээрх туршилтын богино эргэлтийг ажил хэрэг болгож орхих нь тэр. Хэдхэн хоногийн өмнө иргэд мөн л ямар автобусанд суух хэдэн удаа дамжихаа мэдэхгүй автобусны буудал дүүрэн хүнтэй мөртлөө нийтийн тээвэр нь хоосон шахуу давхиж явсан. Хуучин 20 чиглэлд 350 автобус зорчдог байсныг шинэ зохицуулалтаар 11 чиглэл 211 автобус болгон өөрчилсөн нь чиглэлийн давхацлыг бууруулсан үр дүнтэй ажил боллоо гэж албаныхан онцолсон юм. Гэвч иргэд автобусны чиглэлийг өөрчилсөнд бухимдаж байна. Тодруулбал, дамжин суулт үнэгүй биш төлбөртэй бөгөөд одоогийн хэрэглэж буй цахим карт нь урамшуулал, хөнгөлөлт байхгүй. Ингээд автобусны чиглэлээ арай хийж учрыг нь олох гэж байтал "хүлээлт" гэгч зүйл үүсээд эхэллээ. 

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээс эхлэн өглөөгүүр хотын төв замаар үйлчилгээнд гардаг автобуснуудыг хүлээх хүмүүс олширов. Өнөө өглөө гэхэд 10-р хорооллын автобусны буудал дээр 20-30 миунт "5 шар-Офицеруудын ордон", "Зүүн салаа-Халдварт" чиглэлийн зорчигчид ийн суух автобусаа хүлээж буй нь энэ. 

 

 

 

Бусад чиглэлийн автобуснууд үй зайгүй зорчигч багатай үйлчилгээндээ явж байна. Харин төв замын чиглэлүүд "таг чиг" ажил хаячихсан юм уу гэлтэй "ажлаасаа хоцорлоо" гэж ам амандаа үглэсэн 50 гаруй хүн бараа нь ч харагдахгүй байгаа автобусыг ирж байгаа байх гэсэн харцаар хүлээж зогсоно. 

Нэг ахимаг насны эгч "Би одоо энэ буудал дээр 30 минут болж байна аа. Өчигдөр бас их хүлээсэн яагаад тэр угсаар автобус нь буудлаасаа жоохон л хөдөлчихөөрөө буудал дээрээ байгаа хэрнээ хаалга онгойлгож хүнээ суулгадаггүй юм байна лээ" гэж хуучлав. Хөдөөнөөс ирсэн бололтой ах "Би автобусны чиглэлийн ерөөсөө мэдэхгүй юм аа. Халдвартын эмнэлэг орж хүнд хоол, цай өгөх гэсэн юм одоо энэ хоол нь хөрөөд очих байх даа. Өчигдөр ингээд хүлээж байгаад ирэхгүй байхаар нь таксинд суусан чинь 7000 төгрөг гарсан ахиж таксинд суухгүй ээ" гэв.  Түүнчлэн "Толгойт" руу 4, 41, 54 номерын автобус явдаг байсан бол шинэчилсэн маршрутаар ганцхан чиглэл явах болжээ. 

Ингэж байтал бидний ярьдгаар "пиг" чихсэн хүнтэй "Зүүн салаа" халдварт чиглэлийн автобус ирэх нь тэр. Хүмүүс багтаад суучих санаатай "чихээд чихээд" хэдхэн хүн арай хийж суулаа. Ингээд 25-р эмийн сангийн автобусны буудал дээр мөн л энэ чиглэлийн хүлээсэн зорчигчид дүүрэн байв. Тэд автобусны хойноос гүйгээд ч сууж чадсангүй ээ. Учир нь "пиг дүүрэн" хүнтэй автобусны жолооч зорчигчдоосоо "буух хүнгүй байхгүй бол зайгүй юм чинь шууд явлаа" гээд ийн тэднийг суулгалгүй давхив. 

"Автобус нэг" бааз руу утас цохиж төв замын чиглэлийн автобус хоорондын зайг тодруулахад, "Уг нь манай жолооч нар их ойрхон зайтай явж байгаа даа. Бараг 5 минут хүрэхгүй хугацаатай ойр ойрхон яваа" гэв. Сая 30-40 минут хүлээхэд нэг ч автобус ирсэнгүй ээ. Тэгснээ ар араасаа уралдаад хоёр автобус талбайн буудал дээр зогслоо, дүүрэн хүнтэй. Удаан автобус хүлээхээр хүлээлт үүсээд хүн олонтой болж ирсэн автобусандаа хүмүүс нь багтахгүй байна. Цаана нь олон хүн автобусанд сууж чадахгүй үлдээд байна ш дээ хэмээн учрыг хэлтэл "За камер шүүгээд яагаад удсан талаар бид шүүж үзээд тухайн жолооч нартаа арга хэмжээ авна. Камераа шүүгээд хэдэн номерын ямар жолооч чиглэлдээ гарахгүй удсан талаар мэдэх бүрэн боломжтой байдаг" гэлээ.

Хичээл, сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Гэтэл нийтийн тээвэртээ шинэчлэл хийж байгаа нэрээр иргэдээ ийн бухимдуулж, хохироож буйгаа албаны хүмүүс анхаарах хэрэгтэй. Ядаж зорчигч олноор үйлчлүүлдэг энэ чиглэлдээ автобусын тоогоо нэмэх хэрэгтэй. Хэдий богино эргэлтээр явах журамтай болсон байлаа ч иргэдийг ингэж удаан хүлээлгэвэл шинэчлэл биш шүү. Түүнчлэн хоорондын зай нь багаар явж байгаа хэрнээ угсраа автобус нь хүн зөрөх зайгүй, бүгчим гэдгийг бас энд дурдья. 

 

Х.Даваа