Эдийн засгийн байдлаас үүдэн ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Учир нь ид хийж бүтээх насны 15-24 насны залуус өнөөдөр ажилгүйчүүдийн тоог тэлжээ. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо энэ оны аравдугаар сарын эцэст 11531 болжээ. Өмнөх онтой харьцуулахад тоо нь буурсан ч гэлээ ажилгүйчүүдийн 2272 нь 15-24 насны, 4751 нь 25-34 насныхан эзэлж байгаа нь харамсалтай. Зарын сонингоор дүүрэн ажлын зар байхад энэ насныханы хийх ажил олдохгүй байх магадлал тун өндөр. Энэ насны залуус биеийн хүчний ажил хийхдээ тийм ч таатай хандаггүй.

Мөн 2531 нь 35-44 насны, 1977 нь 45-аас дээш насны хүмүүс хөдөлмөр эрхлэдэггүй аж. Өнгөрөгч сард ажилгүй 4699 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй ажилгүй байсан 1284 иргэн ажилд зуучлагдан орж, 3043 иргэн бүртгэлээс хасагджээ. Харин 38481 хүн дүүргийн хөдөлмөрийн хэлтэст ажилд орохоор шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2643 хүнээр өсчээ. Тэгвэл хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан 8027 хүн ажилд оржээ. Үүний 1.9 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт, 7.3 хувь нь төсөвт байгууллагад, 90.8 хувь нь компани, нөхөрлөл, хоршоо болон бусад газарт ажилд орсон байна.

Уг нь аливаа улс орны хөгжил цэцэглэлээс гадна эдийн засаг, санхүүгийн төлөв ямаршуу байгааг хамгийн тод харуулдаг зүйл нь ажилгүйдэл гэдэг. Ажилгүйдэл их байгаа газар иргэд нь ядуу, нийгмийн бухимдал өндөр байдаг аж. Эдийн засгийн хямралыг дагаад ажилгүйдэл эрс нэмэгдэх хандлагатай байдаг. Тэгвэл энэ замаар манай улс явж буй бололтой. Дэлхийн банкнаас манай улсын тухай гаргасан тайландаа айл өрхийн ядуурал нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан билээ.