Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 2002 онд батлагдсан бөгөөд 13 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийг зарим хуульчид "Хар" хууль буюу хэтэрхий хатуу хууль гэж үзэж байгаагаа илэрхийлэн зөөллөх шаардлагатай гэдгээ хэлж байсан удаатай. Тэгвэл эл хуулийг 2016 оны есдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр болсон. Харин хуулийн зарим заалт дэндүү хатуу байгаа бөгөөд эмч нар хүний амь аврах ёстой байтал уг хуулийн заалтуудаас эмээн хүний алтан амийг аварч чадахгүй хэрэгтэн болох нь ээ.

Ирэх есдүгээр сарын 01-нээс эхэлж мөрдөгдөх "Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга"-ын 15-р бүлэгт "Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг"

15.1 дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх

1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жил хүртэл хасах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл хохирогч нас барсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15.2 дугаар зүйл.Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх

1.Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл хохирогч нас барсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өөрөөр хэлбэл, эл заалт нь 1-3 жилээр эмч эмчлэх, сувилах эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгуулийн ял эдэлж эсвэл 2-8 жилийн хорих ял эдлэх юм. Энэ нь тус хуулийн ерөнхий ангийн 7.1-дэхь хэсэгт зааснаар тав хүртэлх жилтэй хорих ялыг тэнсэн харгалзаж болно гэж заасанд эл заалталд багтахгүй тул эмч мэргэжилтнүүд заавал 20-80 сая төгрөгийн торгуулийн ялыг эдэлнэ. Хэрвээ эдийн засгийн боломжгүй бол заавал 2-8 жилийн хорих ял эдлэхээр заажээ. Харин хохирогчтой эвлэрч, хохирлыг нөхөн төлж, гэм буруугаа гэмшвэл 1-4 жилийн хорих ял эдлэхээр хөнгөрүүлж болно.

 

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хуулийн тусгай ангийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан зүйл заалтаар эмч мэргэжилтэн эрүүгийн хариуцлагад татагддаг юм.

106.2 дахь хэсэгт эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан эсвэл өвчтөн нас барсан бол 3 хүртэлх жилийн хорих ял эдлүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дэхь зүйлд зааснаар таван жил хүртэл хорих ял эдлүүлэхээр зааснаар дээрх 106.2 дэхь хэсгээр татагдсан эмч мэргэжилтэн ихэвчлэн тэнсэн харгалзах хорих ялыг биечлэн эдэлдэггүй байсан билээ. Тэгвэл шинэчилсэн хуулиар бол заавал биеэр эдлэхэээр болж байна.

Хатуу хатуу гэхэд арай л хатуудсан хууль болж. Учир нь хүнд өвчтөн ирсэн тохиолдолд тэд яах уу? Эмч нарын хүний амь аврах эрхийг боомилж хэрэгтэн болгох талтай хууль удахгүй мөрдөгдөх бололтой.