Манай улсын эдийн засаг сөхөрсөн байгаа. Ингээд эхлэхээр муу амлалаа л гэнэ. Гэхдээ бодит байдлыг эрх баригчид мэдэж буй ч сайдуудын томилгоо гээд анхаарал нь төвлөрөхгүй байгаа бололтой.

Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас нэг ам.долларыг 2053 төгрөгтэй тэнцүүлжээ. Хоногийн дотор 3-5 төгрөгөөр нэмэгдэж буй. Уг нь нэг ам.долларыг 2030 төгрөг байхаар тооцож төсөвт суулгасан. Тэгвэл хэдийнээ төсвийн тооцооллыг "ноён ногоон" давчихлаа. “Найман шарга” зах дээр нэг ам долларыг 2056 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2060-2063 төгрөгөөр зарж байна.

Статистикийн хорооноос зургаадугаар сарын дүнг танилцуулахад, Улсны төсвийн алдагдал энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд хүрэв. Энэ төлөвлөж байсан алдагдлаас 300 тэрбумаар илүү гарсан нь энэ.

Мөн Экспортын гадаад худалдаа 2016 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 177.3 сая ам.доллараар буурчээ.

Импортын гадаад худалдаа энэ оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 18.5%-иар буюу 339.6 сая ам.доллараар буурав. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 27%-иар буюу 186.8 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад, эдийн засаг сөхөрсөн хэвээр байгаа нь тод харагдаж буй. Төсвийн тодотголыг яаралтай хийж, ам.долларын өсөлтийг зогсоох нь тулгамдсан асуудал болоод байна. Түүнчлэн гадаад худалдааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмэгдээгүй бол экспортын орлого улам муудна гэдгийг Ерөнхий сайд мэдэж буй биз ээ.