Д.БЯМБАСҮРЭН, Г.ЭНХГЭРЭЛ

Их хотод минь хавар цаг хэдийн айлчилж, ирж яваа цагийн сайхан эрхгүй сэтгэл тэнийлгэнэм. Цар тахлын улмаас сүүлийн дөрвөн сар эл хуль дүнсийж байсан нийслэлд минь өдгөө хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, ажил амьдралын өрнүүн өдрүүд цуварсаар байна. Энэ дунд бид ч мөн ээлжит сурвалжилгаа уншигчдадаа хүргэхээр бэлтгэж сууна. УОК-ын шийдвэрээр гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарах хөдөлгөөнийг нээхээр болсон. Эл шийдвэрийн дагуу хотод гацсан иргэд болоод хөдөө орон нутагт байх хамаатан садандаа золгохоор зэхсэн иргэд хэдийнээ бэлтгэлээ базааж, PCR шинжилгээ өгчээ.

Гэтэл хот хооронд зорчих орон нутгийн автобус энэ сарын 3-н хүртэл хойшилж, иргэд дахиад л шинжилгээнд дараалан зогсох шаардлага үүсэв. Зарим иргэн шинжилгээний бичгээ хүчинтэй байгаа дээр хувийн унаа хөлслөөд гарах гэтэл замын зардлын үнэ тэнгэрт хадаж байгааг ч хэлж байв. Ийм нэгэн эргэж буцсан тогтворгүй шийдвэрийн үр дүн өнөөдөр хотын баруун, зүүнтээ орших тээврийн товчоод болох “Драгон”, “Баянзүрх” автовокзалд үүсээд байна. Тиймээс манай сонин дээрх автовокзалуудад очиж иргэдэд тулгараад буй асуудал, нөхцөл байдлыг сурвалжиллаа.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ РУУ 150 МЯНГААР ЯВЖ БАЙНА

Бид сурвалжилгаа “Драгон” автовокзалаас эхэлсэн юм. Сарын өмнө Нийслэлийн онцгой комиссоос хотод хөл хоригдсон иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлын хүрээнд нөхцөл байдлыг сурвалжлахаар энд ирэхэд иргэд автобусандаа багтахгүй бухимдсан байдалтай байсан бол өнөөдөр ачаа тээшээ барьсаар хувийн машин хайж буй дүр зураг угтав. Харин тус төвийн гадна талбайд байрлах Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн нэгэн автобус ачаа, дайвар ачиж байлаа. Уг автобусны жолоочоос хот хооронд зорчих автобусны хуваарь хойшилсон тухай лавлахад “Энэ сарын 3-наас эхлэн иргэдийг татаж эхэлнэ. Хот хооронд зорчих автобус иргэдийн халууныг хэмжиж, PCR шинжилгээний бичиг шалгах гээд халдвар хамгааллын дүрэмжурмаа барьж ажиллана. Мөн нэг автобусанд 40-45 хүн зорчих нормтой” гэв. Үргэлжлүүлэн унаа хайж зогсох иргэдтэй уулзаж, учир явдлыг нь лавласан юм. Олны дунд ногоон дээлтэй, 60 орчим насны эмэгтэй “Драгон” худалдааны төвийн урд байрлах сандал дээр сууж байсан нь анхаарал татав. Түүнийг Д.Цэвэлмаа гэдэг. Тэрбээр “Би Баянхонгор аймагт амьдардаг. Есдүгээр сард хотод ирээд, хөл хорионд орсоор удав. Нутаг буцна гээд гурван удаа PCR шинжилгээ өгсөн. Гэтэл өнөөдөр хот хооронд зорчино гэсэн автобус хойшилжээ. Хүүхдүүд маань хувийн унаа хайж өгнө гээд явсан. Хөл өвдөөд, даралт ихсээд сууж байна” гэх хариулт өгсөн юм. Харин Архангай аймаг руу явах гэж буй Б.Алтаншагай “Миний хувьд Архангай аймаг руу ажил хийхээр явах гэтэл автобус хойшилжээ. Одоо хувийн унаа хайж байна. Өглөө ирснээс хойш нэг ч унаа явсангүй” хэмээв. Энэ зуур нэгэн хос унаа хүлээж зогсоо нь харагдлаа. Хааш явах гэж байгаа тухай асуутал “Бид Дархан-Уул аймагт амьдардаг. Хот хоорондын зам нээгдэхийг хүлээсээр, өнөөдөр явахаар болтол автобус явахгүй гэнэ. Одоо PCR шинжилгээний хүчинтэй хугацаа дуусчихна. Дахиад л дугаарлаж шинжилгээ өгнө. Уг нь хувийн машинаар явъя гэсэн чинь 150 мянгаар явна гээд хөдөлдөггүй” хэмээн учирлав.

 

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ РҮҮ 30 УДАА ЗАЛГАСАН

Эндээс гараад манай сурвалжлах баг Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн аймаг руу зорчих тасалбар бичүүлдэг “Баянзүрх” автовокзалыг зорив. Төвийн баруун талд байрлах авто зогсоолд орон нутгийн нэг ч автобус харагдсангүй. Үүдээр нь ортол настай эгч, угтах үйлчилгээний ажилтнаас “Автобус хэзээ явах вэ, цахимаар тасалбар бичүүлж болохгүй байна шүү дээ” хэмээн асууж байхтай таарав. Түүнийг Б.Цэрэннадмид гэдэг бөгөөд Дорнод аймагт байх гэр рүүгээ явах учраас энд ирсэн аж. “Гуравдугаар сарын 1-нээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэсэн болохоор би өнгөрсөн ням гарагт шинжилгээ өгч, хариу сөрөг гарсан. Би Улаанбаатар хотод ач хүүгээ харахаар түр ирээд байсан учир хувийн машинаар зорчих боломжгүй. Өглөө Авто тээврийн үндэсний төвийн цахим хаягаар нэвтэрч, тасалбар бичүүлэх гээд чадаагүй. Аргаа бараад лавлах утас руу нь 30 удаа залгасан ч хариу өгөлгүй шууд тасалж байсан. Өнөөдөр нийтийн тээврээр нутаг буцна гэж бодож байтал энэ сарын 3-наас явуулах шийдвэр гарсан гэдгийг сая л мэдлээ. Би УОК, Эрүүл мэндийн яамны мэдээ бүрийг цаг тухайд нь үздэг. Энэ шийдвэрээ эртхэн танилцуулсан бол нааш цааш явж чирэгдэл учрахгүй байсан юм” гэв.

 

ЭРГЭЖ, БУЦСАН, ТОДОРХОЙ БУС ШИЙДВЭРЭЭС БОЛООД АЖЛАА АЛДЛАА

Мөн цахим сүлжээнд орон нутгаас хот руу ирэх иргэдээс дээрх шийдвэрийн дагуу гарч буй гомдол олон харагдав. Энэ талаар иргэн Г.Даваажаваас тодрууллаа. Тэрбээр “Би Хөвсгөл аймагт амьдардаг. Энэ долоо хоногт зам нээх учраас хотод олон ажил төлөвлөсөн байсан. Орон нутгаас нийслэл рүү зорчих иргэдийг эрүүл мэндийн асуумж бөглүүлэн, 16:00 цагаас автобус хөдөлнө гэсэн. Тиймээс үүрээр сумаас гарч, аймгийн төвд 09:00 цагт ирээд Авто тээврийн төвийн гадаа ирж дугаарлан зогссон. Өмнө минь 60 орчим хүн байсан. Гэтэл 09:30-д ажилтан нь ирээд нийтийн тээвэр гуравдугаар сарын 3-наас явах боллоо гэж хариу өглөө. Манай сум аймгийн төвөөс 100 гаруй километр зайтай. Өнөөдөр буцаад, дахиад ирэхэд мөнгө санхүү, машинаас эхлэн бэрхшээл олон байна. Энэ мэт зөрүүтэй ойлголт, эргэж буцсан шийдвэрээс болоод ажил, амьдралаа алдаж байна. Гуравдугаар сарын 3-н боллоо гэхэд дахиад хойшлохыг үгүйсгэхгүй” гэлээ. Иргэддээ чирэгдэл учруулахгүй гэсэн шийдвэр нь бодит байдал дээр ийм л байна. Улаанбаатар хотоос гарах, нэвтрэх хүсэлтэй хүн бүр хувийн машинтайгаа зорчино гэж бодоогүй байлтай. Холбогдох албаныхан дөрөв хоногийн өмнө хуралдчихаад энэ шийдвэрээ эртхэн танилцуулсан бол хаа хаанаа чирэгдэлгүй байсныг иргэд хэлж байв. Авто бус хойшилсон нь шинжилгээ дахин өгөх шаардлага үүсгэж байгаа учир бид Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт байрлах шинжилгээний төвд очлоо. 

Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах цэгт очтол 100 гаруй хүн дараалал үүсгэжээ. Сургуулийн хашаан дотор гурван эгнээ үүсэж, дотор зааланд дахин хэд хэдэн эгнээ дараалал байв. Дугаарлан зогсож буй 25 орчим насны эмэгтэйгээс хэр удаан зогсож байгааг лавлатал “40 орчим минут болж байна. Өмнө нь шинжилгээ өгөхөд ийм их хүн байгаагүй. Орон нутаг руу зорчих зам нээсэнтэй холбоотой болов уу. Зайгаа бариад зогсож болох уу гэж хэлэхэд тоохгүй, зарим нь илт дургүйцэх юм. Ийм нөхцөлд халдвар авах эрсдэл улам нэмэгдэнэ шүү дээ. Дээрээс нь цаг авсны ямар ч хэрэг алга. Зарим хүн цаг аваагүй хэрнээ дайраад орох юм” гэв. Орчны байдлыг харахад дэглэмээ баримталж, зай барьж буй нь илт байв. Цааш явсаар Сүхбаатар дүүргийн III сургуулийн байранд байрлах шинжилгээний цэгт ирэхэд мөн л дараалал их байв. Өмнөх цэгээс ялгаатай нь зай барьсан харагдав. Харин иргэд дарааллан зогсохгүй байгаа нь маргаан үүсгэж байлаа. Хамгийн сүүлд зогсох иргэнээс ямар учраас шинжилгээнд хамрагдаж байгаа талаар тодруулахад “Хөдөө аав ээж дээрээ очиж золгохоор явах гээд шинжилгээ өгч байна. Энд байгаа иргэдийн ихэнх нь хөдөө явах бололтой. Зарим нь унаа хүлээгдлээ хэмээн бухимдаж байна. Хөл хорио тавигдлаа гээд иргэдийн ийм хайхрамжгүй нөхцөл байдал эрсдэл дагуулах магадлалтай” гэсэн юм. Ийнхүү УОК болон бусад холбогдох албанынхны шийдвэр иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байна. Харин үүсэж буй асуудлын хариуд Засгийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хүний биед “Ковид 19” -өөр халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас энэ хугацааг шаардаж байгаа юм. Мөн хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR шинжилгээ өгсөн тохиолдолд бусдаас нь шинжилгээ шаардахгүй. Түүнээс гадна хоол хүнсээ өөрсдөө авч явах учир замдаа зогсохгүй. Иргэдтэй харилцаа үүсгэхгүй” гэв. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН