УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. С.Зоригийн  хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо  байгуулах саналыг Л.Болд нарын зургаан гишүүн гаргасан юм. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Би ОУПХ-ны хуралд дөрвөн удаа оролцож, энэ хэргийг шийдвэрлэсэн талаар УИХ-ын мэдээллийг өгдөг. ОУПХ шинжээч томилж явуулж болохоо хэлсэн. Хэний захиалгаар энэ хэргийг хийсэн бэ гэдгийг олны анхааралд байна. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-Энэ хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлсэн. Улсын прокурорын архив дийлэнхийг ил болгосон баримтыг өгсөн. Шинэ прокурор нь нууцаас гаргасан асуудлыг ил болгох байлгүй. Хяналтын, давж заалдах, таслан шийдвэрлэх шатны гурван шийдвэртэй танилцвал худлаа гэдэг нь дотор нь бичсэн байгаа. Энэ хэргийг будилаантуулсан хүмүүс хариуцлагаас зугтаж, хав дараад байна. Хүмүүс ял авчихсан байхад материалтай танилцахад хууль зөрчигдөхгүй. Тодорхой хэргийг нууцалсан нь адал балмад үйлдэл. Би парламентын холбооны гишүүдтэй 2016 оны үед УИХ-ын дэд дарга байхдаа хоёр удаа уулзсан. Би Монголын хуульчдаас дээд зэргээр ичсэн. Тэр хүмүүсийн илтгэх хуудсыг уншаад биширсэн. Нууцлах шаардлага байхгүй. Хүн тамласан, эрүүдэн шүүснийг нууцлах зүйл байхгүй. 

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Шинэ нөхцөл байдал бий болж, эрүүдэн шүүж ял тулгасан нь ойлгомжтой болоод байхад яагаад энэ хүмүүсийг суллахгүй байна вэ? Тэр бичлэгийг олон нийтэд хэзээ үзүүлэх вэ?

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-Засгийн газар хуралдаад хуулиар зөвшөөрөгдсөн бичлэгийг нууцаас гаргасан. Түр хороо байгуулагдвал хэлэлцэх биз. Би бол олон нийтэд үзүүлэхэд гэмгүй гэж үздэг хүн. Би эрүүдэн шүүсэн бичлэгийг цагдаа, шийдвэр гүйцэтгэлийнхэнд үзүүлье гэж бодож байгаа. Хэрэг нь мөрдөгдөж байгаа учир асуудал гардаг юм. Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаан хийгээд ял эдэлж байгаа хүмүүсийг суллах боломж байгаа. Хуулиараа гэмгүй хүнийг нэг минут ч саатуулж болдоггүй юм. 

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 

-Хуульзүйн байнгын хороо хуралдаад хуулийн мухардалд орсон, түр хороо байгуулах зөвлөмж гаргасан. Түр хороонд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг оногдохгүй. Өмнөх ажлын хэсгээс ямар ялгаатай вэ? 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-Түр хороо зарим зүйлд орохгүй. Түр хороо ил болгосон таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг үзэхэд ерөнхийдөө дүн гарчихна. 

Ийнхүү гишүүд асуулт асуусны дараагаар Түр хороо байгуулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв