Үндсэн хуулинд шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрх хэмээн заасан байдаг. Гэвч монголчууд бид аливаа зүйлийн тун хэмжээг тааруулж чаддаггүй гэхэд худал болохгүй. Бид эцэг, өвгөдөөсөө тэнгэр шүтлэг ирсэн гэлцдэг.

Тэгвэл өдгөө манай улсад олон шашин шүтэгчдээс бүрддэг болсон. Тухайлбал, шарын шашин, Бөө мөргөл, Христ зэрэг. Лам, бөөгөөр явах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж буй. Ямарваа нэгэн өвчин тусахад хүртэл лам, бөө дээр өргөл барьц болон очдог нь нууц биш болсон. Өвчнөө хүндрүүлснийхээ дараа эмчид ханддаг тоомжиргүй бас мухар сүсэгтэнгүүд. Хагалгаанд орж амь насаас нь холуур болгоод гарч ирж байгаа эмчид "баярлалаа" гэж хэлэхийн оронд "лам багшдаа баярлалаа" гэдэг хэмээн эмч нар нэг бус удаа хуучилж байсан. Тэднийг эмч биш лам багш нь нөгөө газар руу явахаас нь аварсан гэж итгэдэг ийм л мухар сүсэг бишрэлтэй улс.

Энэ мухар сүсгийнхэн гайгаар "олон мянган мод" хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа. Бөө мөргөлөө хийж байна гээд хадаг элдэв юмаар модыг боож хороодог. Тэдний энэ "гай" өнөөдөр гал түймэр гарахад хүртэл нөлөөллөө.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт уржигдар 17.00 цагийн үед төрийн тахилгат Шилийн богд ууланд түймэр гарав. Тус сумын төвөөс 60 км зайд орших эл ууланд гарсан түймрийг хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ынхан, нутгийн иргэд, жуулчны баазын ажилтнууд, хилийн 0184 дүгээр ангийнхан нийлж газар авхуулалгүй унтраасан байна. Орон нутгийн цагдаагийн байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Дарьганга сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай, байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800, өргөн нь 400 м талбайг хамарсан түймэр гарсныг унтраан шалгаж байна. Гал тавьсан байж болзошгүй хэмээн таван хүнийг саатууллаа” гэв. Уг түймрийн уршгаар Шилийн богд ууланд суулгасан таримал, сакура зэрэг мод, өвс шатжээ. Тэгвэл энэхүү гал түймрийг тавьсан байж болзошгүй этгээд нь бөөгийн зан үйл хийж байхдаа гал алдсан гэх яриа чих дэлсэв. Хаврын хуурайшилж ихтэй байгаа энэ цаг үед  ил задгай гал түлэх, татсан тамхины ишээ унтраалгүй хаях, шашны зан үйл үйлдэж гал гаргах зэрэг иргэдийн болгоомжгүйгээс хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учирч, гал алдсан хүн гэмт хэрэгтэн болж ажил, амьдралаараа давхар хохирч байна. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сануулаад байгаа гэдгийг дахин онцлоё. 

Зөрчлийн хуулийн 5.14 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих

1.Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасныг зөрчиж:

2.1.хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх;

2.2.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлах;

2.3.үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гал түймэр унтраах удирдагчийн шаардсанаар:

3.1.гал түймэр гарсан обьектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис, материалын талаархи мэдээллийг өгөөгүй;

3.2.бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг өмчийн хэлбэр үл харгалзан үнэ төлбөргүй ашиглахад саад учруулсан, ашиглуулаагүй;

3.3.гал түймэр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үед гал түймэр унтраах удирдагчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй;

3.4.анги, нэгжийн бүрэлдэхүүнийг үүргээ биелүүлэхэд хөндлөнгөөс саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуульд заасан:

4.1.барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал байрлуулах журам;

4.2.галын аюултай материал хадгалах, ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахдаа эрх бүхий байгууллагын мэргэжлийн дүгнэлт гаргуулах, эсхүл зөвшөөрөл авах журам зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Шатамхай бодис, эсхүл пиротехникийн эдлэхүүнийг:

6.1.бүртгэх;

6.2.хадгалах;

6.3.тээвэрлэх;

6.4.ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.