2020 оны сонгууль ердөө ганцхан жилийн дараа болох гэж байна. Зуны гурван сарын дараа наадам болж дээдсүүд аймаг, сумдын найр наадам хэсэж налайж явж байгаад намартай золгоно. Намрын чуулганаараа маргалдаж, мэтгэлцсээр дуусгана ингээд удалгүй сонгуулийн сурталчилгаагаа хийх нэрээр орон нутгийг зориод танхим эзэнгүйрнэ. Өмнөх сонгуулийн амлалтыг хугацаа нь дуусахаас өмнө эргэн сөхөн, сануулахыг хичээлээ.

2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо МАН мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтыг дурьдвал, 

Хүүхдийн мөнгийг ялгаваргүй өгнө гэсэн ч өдгөө ч бүх хүүхэд авч чадахгүй байгаа. Хэд хэдэн удаа хороо, багийн ажилтнууд амьжиргааны түвшинг тогтоох судалгаа авсан. Энэ судалгаанд хамрагдаад босго оноог давсан хүүхдийг мөнгийг өгхөгүй хассан явдал цөөнгүй гарсан. Харин өнгөрсөн онд буцаан олгож эхэлсэн гэхдээ нөхөн олголтыг зарим хүүхдэд өгөөгүй хэмээн эцэг, эхчүүд ярьдаг.

Өнөөдөр ч олон сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа. Олноороо нэг дор агааргүйтэж, цэвэр тухтай орчинд сурч боловсорч чадахгүй явна. Хэт ачаалалттай сургуулиудад сурагч нар нь элдэв халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэл тун өндөр байгаа. 38 сурагч сүрьеэгийн халдвар авсан 15-р сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Анги, танхимыг цэвэрлэх, агааржуулах ажил хийгдэж амжаагүй байхад л нөгөө ээлжийн хичээл орох цаг нь болдог гэдгийг мэргэжлийн хэлсэн. Үүнээсээ үүдэж халдварт өвчин дэгдэх нэг шалтгаан болсон хэмээн эрүүл мэндийн сайд сэтгүүлч нарт мэдээлэл өгөхдөө дурьдсан.

Монгол Улсыг өрийн дарамтнаас гаргана, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэсэн таг чиг байна. Ирэх намар хэдэн хүүхэд цоожтой хаалганы цаана гэртээ үлдэхийг хэлж мэдэхгүй байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 114 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Харин цэцэрлэггүй үлдэж буй 32 мянган хүүхэд хаачсан бэ гэдэг нь асуулт хэвээр үлдсэн юм.

Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана, аймаг бүрт үйлдвэр барина, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтыг олонхи болсон намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Гэтэл өнөөдөр юун ажлын байр нэмэгдэх, ажилгүйчүүдийн тоо улам өссөөр байна. 

Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татварыг бий болгохгүй, өрхийн сарын орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ амлалт ёстой лөөлэй болсон. Юу өрхийн орлого өсөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь тэнгэрт хадаж, шатахууны үнэ, ам.долларын ханшаа хазаарлаж чадахгүй байгаа. Махны нийлүүлэлтийн хомсдол үүсэж, нэг килограмм үхрийн мах шонхор захад 14500 төгрөгөөр худалдаалагдаж байх жишээтэй. Гурван жилийн өмнө нэг килограмм мах 8350 төгрөгийн үнэ ханштай байсан бол өдгөө хоёр дахин нэмэгджээ.

Нөгөөтэйгүүр, үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн судалгаанд өрхийн зарлага давсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь орлого нь өрхийнхөө хэрэглээнд бодит байдал дээр хүрэлцэхгүй байгааг харуулсан. 

 

МАН-ын амлалтад өр тэглэх тухай тодоор оржээ. Гэтэл өнөөдөр юун улсынхаа өрийг тэглэх. Өөрсдөө улсын төсвөөс хумслаад авчихсан.  Тус намын гишүүд олноороо үгсэн хуйвалдсан мэт нэг дүнтэй зээлийг ЖДҮХС-гаас авсан байдаг талаар энэ оны шуугиан болсон. Одоо ч энэ хэрэг эцэслэгдээгүй, хуулийн байгууллага шалгаж буй. УИХ-ын нэг гишүүн хамгийн багадаа 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Тэгсэн "Итгэлийн зээл" гэгчийг иргэдэд 3 хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийг ямар ч барьцаагүй өгнө гээд эхэллээ.