Жил бүрийн долдугаар сарын 10-ны энэ өдөр Жанжин Сүхбаатарын талбайд  “Дээлтэй Монгол” өдөрлөг болдог юм. Энэхүү арга хэмжээ нь Үндэсний их баяр наадмын томоохон арга хэмжээний нэг хэсэг бөгөөд монголчуудын үндэстэн, ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилготой.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх: “Дээлтэй Монгол” наадам бол аялал жуучлалын салбарт томоохон ач холбогдол үзүүлдэг арга хэмжээ. Энэ наадмыг 13 дахь жилдээ тогтмол энэ өдрөө зохион байгуулж байдаг учраас манай аялал жуулчлалын компаниуд хөтөлбөртөө багтаан жуулчдыг өргөнөөр оролцуулдаг гэж хэлж болно. Ер нь хэдийгээр бид жуулчдын тоог авах боломжгүй ч жилд ойролцоогоор 2000-3000 жуулчин үзэж сонирхдог. Бид аль болох монгол туургатануудаа энэ наадамд оролцуулахыг хичээдэг. Тэр жишгээрээ энэ жил Өвөрмонгол, Тувагаас хүмүүс ирж, оролцож байгаа. 

Тэрбээр “Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд уламжлал болж, нэг цаг хугацаандаа зохион байгуулагдаж байж амжилттай болдог онцлогтой. Одоо “Дээлтэй Монгол” наадамд уламжлалт арга хэмжээ ч бий, шинэ арга хэмжээнүүд ч байгаа. Нэг үеэ бодоход монголын ард түмэн “Дээлтэй Монгол” өдөрлөгт өргөнөөр оролцдог болсон байна.

Энэ наадмын хэв маягийг өөрчлөх гэхээр бидний анх зорьсноос өөрчлөгдөнө. Тэгэхээр бид энэ наадмаа уламжлал болгон зохион байгуулаад л явна. Мэдээж уран бүтээлчдийн тоглолт бол өөрчлөгдөж байна. Ер нь Үндэсний их баяр наадмын хөтөлбөрөөс хамгийн бага төсвөөр буюу 20 сая төгрөгөөр “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулдаг. Миний мэдэхээр сүүлийн таван жил яг ийм л төсөвтэй байгаа. Цаашдаа олон улсын арга хэмжээ болгон зохион байгуулахад төсвөө нэмэх шаардлага үүснэ” гэлээ.