Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд есөн дүүргийн 234 цэцэрлэгт 18 мянга гаруй хүүхэд шинээр элсэнэ. Үүнээс 11 мянга гаруй нь 2017 онд төрсөн хоёр настай хүүхэд байх юм. Цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем tsetserleg.ulaanbaatar.mn долоодугаар сарын 22-ны 09:00 цагт нээгдэнэ. Эцэг, эхчүүд системд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад албан ёсны хаяг, харьяалагдах цэцэрлэгийн мэдээлэл зэрэг харагдана. Хоёр настнуудыг бүх цэцэрлэг бүртгэх бол 3-5 настай хүүхдийг харьяа цэцэрлэгт нь хяналтын тоо бий эсэхээс хамаарч бүртгэх юм.

Бүртгэл наймдугаар сарын 22-ны 23:59 цагийг дуустал үргэлжилж, дараа өдрийнх нь 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утсанд хариу зурвас илгээгдэх юм. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг, эх нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээг 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд байгуулах шаардлагатай. Түүнчлэн тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, тус тусын цэцэрлэг дээр ажлын цагаар явагдана.

Дашрамд дуулгахад, өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд цахимаар баталгаажуулалт хийх шаардлагагүй ажээ.