Монгол, Хятад, Япон гурван улсын төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон “Хөгжлийн форум-2019” олон улсын бага хурлын нээлт өнөөдөр МУИС-ын Төв номын сангын хурлын танхимд эхэллээ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Их Сургууль, БНХАУ-ын Гадаад хамтын ажиллагаа, Найрамдлын нийгэмлэг, Япон улсын Зам тээвэр, Дэдд бүтэц, Аялал Жуулчлалын яамны Хот байгуулалтын газар, Тоёо Их Сургууль, Мейсей Их сургууль, РБА олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй энэхүү форум хоёр өдөр үргэлжлэх юм.

Тус форумд хотын хөгжлийн бодлого, захиргааны онцлог, дэд бүтэцийн хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, хотын өнөөгийн болон ирээдүйн байдалд үнэлэлт өгч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, шийдлийн талаар хэлэлцэж байна.

Форумыг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга үг хэлж, Монгол Улсын төрийн албаны шинэтгэл хотын хөгжилд эерэг ул мөрөө үлдээж сайтар бэлтгэгдсэн, өндөр мэдлэг, өрсөлдөх ур чадвартай төрийн албан хаагчид буюу зөв хүмүүс хотын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой.

 Хотжилт нь зөвхөн тухайн нэг хот, улсын асуудал байхаа больж дэлхий нийтийн, олон улсын анхаарлын төв болсон хамтын хүчээр алдаа оноо, туршлага, шийдлээ харилцан солилцож явах асуудал болсон тухай онцлон хэллээ. Мөн энэ удаагийн форумын үзэл санаа, шийдлүүд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд, хотын хөгжлийн стратеги төлөвлөлтөд тусгалаа олно гэдэгт итгэж байгааг хэлэв.

Уг форумаар “Япон улсын хот байгуулалт, хот төлөвлөлтийн бодлого”, “Эрүүл хотын шинэ чиг хандлага, бүс нутгийн хөгжлийн уялдааг шинээр бий бий болгох”, “Улаанбаатар хотын хөгжлийн замнал”,”Тээврийн хэрэгслийн дамжин суух төвд суурилсан хот төлөвлөлт. Токио хотын туршлага. Төлөвлөлтийн дагуу юу?, Төлөвлөлтийн бус уу?”, “Улаанбаатар хотын орон зайн тэлэлт” зэрэг сонирхол татахуйц 10 сэдвээр оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.