Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр незид болох Олон улсын хуралд оролцохооор аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэрбээр өнөөдөр өглөө мэдүүлэг өгөхөөр "Инчён" олон улсын нисэх буудалд газарджээ. Д.Одбаярын нислэг орон нутгийн цагаар 09:20 цагт газардах хуваарьтай байсан ч нислэг нэг цаг 30 минутын өмнө газардсан тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлэв.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Тухайн үед Д.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой. Намайг андуурсан" хэмээн мэдүүлээд, асуудлыг дипломат халдашгүй эрхийн хүрээнд шийдэхийг хүссэн байдаг. Улмаар БНСУ-д эргэж ирээд мэдүүлэг өгөхөө илэрхийлж, Бали аралд болох Олон улсын хуралд оролцохоор явсан юм.

Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба БНСУ-д эргэж ирэхгүй тохиолдолд ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлэхээ мэдэгдсэн байна. 

Харин өчигдөр тус улсын хэвлэл хэрэг гарсан өдөр тэрбээр Korean Air компанийн нисэх онгоцны багт ажиллаж байсан Монгол охид бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд баталсан хэмээж Д.Одбаярыг  бэлгийн дарамтаас гадна бусдыг айлган сүрдүүлсэн хэрэгт холбогдуулан нэмж шалгахаар болжээ тухай мэдээлсэн билээ.