Манай улсад энгийн иргэний аавын хүү хэрэгт холбогдвол шүүх хурлаас эхлээд үтэр түргэн шийдвэрлэгдэж орхидог. Тэгвэл улс төрчдийн холбогдсон хэрэг хийгээд шүүх хурал удаа дараа хойшлогдож цаг хожино. Сүүлдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр "ял завших" үзэгдэл бий болсон. 

Хамгийн сүүлийн жишээг татахад, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт АТГ-аас нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Улмаар өнгөрсөн есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн  сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийг шалгаж дуусаж өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Батзориг нар өмгөөлөгчдийн хамт оролцсон юм. Тэгвэл Б.Батзориг нарт холбогдох Эрүүгийн хэргийг прокурорт буцаав.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг  нарын 7 хүнд холбогдох эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж дараах шийдвэр гаргалаа. Тус шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 болон 17.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцаажээ. 

Эл хэргийг АТГ-аас Мөрдөн шалгах хэлтэс жил гаруй хугацаанд шалгаж энэ оны 9-р сард прокурорт шилжүүлээд байсан. Гэвч шүүх хурал тодорхой шалтгаанаар хойшилсоор өчигдөр буюу араннэгдүгээр сарын 18-нд болж дахин прокурорт шилжив.