Үхсэн хотон шувууг олж, зарахыг оролдсон этгээдийг 10 сая төгрөгөөр торгожээ
1 цагийн өмнө

Иргэн М, эхнэр С-ийн хамт Ховд аймгийн Дөргөн нуурын эрэг дээр амраад буцах замдаа үхээд удсан хотон шувууг олжээ. Аймгийн төвд гэртээ хадгалж байгаад Т-г Улаанбаатараас очих үед нь бэлэглэсэн байна.
Т хотон шувууны махыг авсны дараа "Хотон шувууны хошуу зарна" хэмээх зарыг цахим хуудсанд байршуулжээ. Түүнийг Ховд аймгаас Сонгинохайрхан дүүрэг хүртэл тээвэрлэж, хоёр сарын хугацаанд гэртээ хадгалсан, худалдахыг завдсан хэргээр гэм буруутайд тооцсон байна.
Иргэн М шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ "Би эхнэр, 5 болон 6 настай хүүгийн хамт Дөргөн нуурын эрэг дээр очиж амарсан. Буцах замдаа нуурын эрэг дээрээс нэг хотон шувууны хошуу, толгой хэсгээрээ тасарсан байхыг олж авсан. Гэртээ хадгалж байгаад найз Т-д бэлэглэсэн.
Намайг хошуу, толгойг олж авахад үхээд удсан толгой нь эх биеэсээ салсан байдалтай байсан" хэмээн мэдүүлжээ.
Шүүх шинжилгээний ерөнхий дүгнэлтээр тухайн толгой, хошууг Хөвчтөний хүрээ, шувууны анги, Хотонтон багийн Борцгор хотон- Pelecanus cripus шувууны хошуутай тохирч байна гэж дүгнэсэн.
Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралт "Амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ"-д зааснаар нэг ширхэг Борцог хотон 11,790,000 төгрөгийн үнэлгээтэй юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйл4.2 Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно;
Иргэн Т дээрх хуулийн дагуу 23,580,000 төгрөг төлж барагдуулсан. Мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан, худалдаалахыг завдсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгожээ.







sda · 11 минутын өмнө
хээр үхээд удсан шувууны хошууг зарлаа гээд ийм өндөр торгодог лалрын хууль зөвхөн монголд