Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны гэр бүлээс анх удаа байр сууриа илэрхийлж, хуульч Батхуяг, төлийгаачийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар мэдээлэл хийлээ. 

2019 оны тавдугаар сарын 17-нд Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас барсан бөгөөд энэ асуудалд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад найман сар өнгөрсөн ч одоо болтол эцэслэн шийдэгдээгүй байна. 

Гэвч гэр бүлийнхэн нь энэ хугацаанд албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. 

Гэтэл сүүлийн үед уг хэргийн талаар улстөржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах байдал илт бий болсон тул ийнхүү мэдээлэл хийхээр шийдсэн хэмээн хуульч н.Батхуяг тайлбарлалаа. 

Тэрбээр: 

Энэ хэрэгт шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй байнгын шинжээчдийн дүгнэлт гарсан. Нэлээд олон хуудас дүгнэлт байгаагаас анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хэлье.  

  • Баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралдаж, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Баруун нүдэнд нь хөхрөлт, хавдалт үүссэн. 
  • Хүзүүний зүүн хажууд 7х0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвчний улмаас ухаан алдсан, цус харвасан гэх зэрэг мэдээлэл гарсан. Тэгвэл уг дүгнэлтээр өвчний улмаас бус, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэдэг дүгнэлт гарсан. 
  • УИХ-ын нэр бүхий гишүүний полиграфын тест авсан. Энэ нь үнэн, худлыг шалгах багаж. "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэсэн полиграфын тестийн дүгнэлт гарсан. 
  • Хэргийн газар үзлэг хийх явцад ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид эргүүлэн өгсөн. Гэвч гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарсан юм шиг буюу фактори ресет хийсэн байдалтайгаар өгсөн. Ямар нэгэн мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. 
  • Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр бусад асуудал байсан. Ялангуяа, шүүх эмнэлэгтэй холбоотой. 

Задлангийн өмнө рентгэн зураг авахуулах гэр бүлийнхний саналыг хүлээж аваагүй, яаралтай шинжилгээнд оруулсан. Онош дутуу, шинжилгээ дутуу хийсэн зүйлс тогтоогдсон. Дүгнэлттэй танилцахад л тийм байгаа. 

Гар утасны хувьд цагдаагийн байгууллага гар утсан дээр шинжээч томилохдоо утасны гадаргуу дээр хурууны хээ, биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилгээнд өгч, тогтоох ёстой. Гэтэл түүнээс нь өмнө дотор нь юу байна вэ гэдгийг тогтоох шинжээч томилсон. 

Иймэрхүү зөрчил, эргэлзээ бүхий байдлууд байна. 

Талийгаачийн хүү Б.Ганхөлөг:

Өнгөрсөн найман сар бид маш тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд хүнд цаг хугацаа өнгөрч байна. Эмээ, өвөө, ээж маань байна. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрээд хүнд байна. 

2019 оны тавдугаар сарын 17-н бидний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл, сав саруул аав маань өглөө ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн тусгай объект, төрийн тусгай хамгаалалттай ордонд албан үүргээ гүйцэтгэж байгаад эргэж гарч ирээгүй, амиа алдсан. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна. 

Талийгаачийн охин Б.Цэлмэг:

Бид аавыгаа санаж байна. Бага дүү маань бэтгэрээд, сүүлийн үед хоолоо ч идэхээ больсон. Эмээ, өвөө минь аавын зурагны өмнө хэдэн цагаар залбирч байна. 

Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно гэлээ.

Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унасан. Унаагүй талын баруун нүд нэлээн том хавдартай байсан. Хүзүүн дээр гарсан улайлт заамдалтын улмаас улайсан. Өндрөөс унасан хүн хүзүүндээ улайлт авна гэдэгт итгэхгүй байна. 

Бид ямар нийгэмд амьдраад байна вэ. Амьд явах баталгаа байна уу? Цаашдаа яаж амьдрах вэ? Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан хүн Төрийн ордонд амиа алдаад найман сар өнгөрч байхад ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Жирийн ард иргэдэд ийм зүйл тохиолдвол яах вэ гэдэг нь ой тойнд буухгүй байна. 

Төртэй улс, шүүх засаглалтай улс байна, энэ хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэлтэй, итгэл алдрахгүй хүлээсээр байна.