Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэгч Грета Тунбергтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа.

“Ногоон наадам”-ыг зохион байгуулах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой бөгөөд 2020 оны 09-р сарын 13-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлож байна.

НҮБ-аас эх дэлхийгээ ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, шударга, энх тунх, хүртээмжтэй нийгэмд амьдрах, аз жаргалтай, сэтгэл хангалуун, илүү сайхан амьдрахын төлөө дэлхийн бүх улс, нийгэм, хувийн байгууллагууд болон иргэдийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд -2030”-ыг боловсруулж, хэрэгжүүлж байгаа юм.

 

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг “Ногоон наадам”-ыг зохион байгуулагч Монгол Улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд зорилттой уяалдуулан эко байх, ногоон байгаль дэлхийгээ хамгаалахын чухалыг таниулах, залуучуудын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан ойлгуулах томоохон зорилго тавин ажиллаж байна. Наадмыг НҮБ-ын гишүүн 195 орны 18 нас хүртэлх залуучуудын дунд, спортын 19 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.