БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод “Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа” коронавирусийн шинэ халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш халдварт өртсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Монгол улс тус улстай хил залгаа оршдог болохоор “өндөр эрсдэлтэй бүс” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үнэлэв.

Тиймээс их, дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаанд хаасан. Албан ажлаар болон хувийн зорилгоор ч БНХАУ-ыг зорихгүй байхыг анхааруулж буй. Тэгвэл манайд эл хорио цээртэй холбогдуулж зах, худалдааны төвүүдийг хаах нь гэсэн ташаа ойлголтоос үүдэж өчигдөр иргэд хүнсээ нөөцөлж, дэлгүүрийн лангуу хоосорч байгаа талаар сошиалд түгсэн.

Тухайлбал, Хорооллын Дүүхээ төв хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд цагаан идээний үнэ нэмэгдсэн байв. Түүнчлэн нэр бүхий сүлжээ дэлгүүрүүдийн нарийн боов, гурил будааны тасгийн бараа бүтээгдэхүүн нь эрэл ихтэй өдөр болж өнгөрсөн юм.

Уг нь зах, худалдааны төвүүдийг хаахгүй гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байхад л хэт туйшралаасаа үүдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөлд оруулахад нөлөөлөх үзэгдэл боллоо. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхэлж та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг мах, гурил, будаа, хүнсний ногооны үнэ өссөн. Энэ оны нэгдүгээр сард ч буурахгүй байсан үнийг улам дэвэргэн наймаачдын өгөөш болох нь тэр. Манай улсад бичигдээгүй хууль бий. Тэр нь томоохон баяр дөхөхөөр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг жамтай. Энэ жамын дагуу айсуй яваа цагаан сарын баярын тохиох гэж буйтай холбогдуулж өснө. Гэтэл муу эр дайнд хөөрнө гэдэг шиг хэзээ мөдгүй л тэнгэрт халих гэж буй мэт авирлах нь эдийн засагт халгаатай гэдгийг ухамсарлах хүн алга бололтой.

Махны үнэ: 2020 оны 01 дүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8687 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10652 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 624 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 495 төгрөгөөр тус тус өсжээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 387 төгрөгөөр харин хонины цул махны үнэ 73 төгрөгөөр тус тус нэмэгджээ. 

Гурилын үнэ: 2020 оны 01 дүгээр сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-2500 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1400-1560 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ: 2020 оны 01 дүгээр сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 5.9 хувиар өсч 1536 төгрөг, байцай 7.6 хувиар өсч 1605 төгрөг, хүрэн манжин монгол 5.2 хувиар өсч 1617 төгрөг, сонгино хятад 5.2 хувиар өсч 1405 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж.

Ийнхүү долоо хоног бүрт нэмэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг улам гааруулах нь хэр зөв бэ?