ЭМЯ-наас Шинэ коронавирусийн тухай цаг үeийн ээлжит мэдээлэлээ хийлээ. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "БНСУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Монгол Улсын 48 мянган иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна. Тиймээс Солонгос, Монголын Эрүүл мэндийн яамны заавар зөвлөмжийг сайн анхаарах хэрэгтэй. Монголчууд өвчлөл гарсан улс руу аль болох зорчихгүй байх, явсан бол 14-21 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах, амны хаалт зүүх шаардлагатай. Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалтаа зүүгээд эмнэлэгт хандана. Хятадад шинэ тохиолдлын тоо багасаж байгаа ч Франц, Япон, Солонгос, Хонгонгод халдвар голомтлон гарч байна. БНСУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар авсан хүний тоо гурав дахин нэмэгдлээ. Халдварын 80 хувь нь Тэгү хотод бүртгэгдлээ, хавьтлуудыг тогтоох явцад халдвар цаашид ч олноор нэмэгдэнэ.  

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "БНСУ-ын Тэгү хотоос Бусан-Улаанбаатарын онгоцоор өчигдөр орой ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авлаа. Тэгү хотод коронавирусийн халдварын 80 хувь нь гарч байна. Тус хотод монгол оюутнууд олноор сурдаг юм байна. Тэгү хотод бүх шатны сургуулиудаа хаагаад, дуудсан цагт ирээрэй гэсэн байна. Тиймээс монгол оюутнууд маань эх орондоо ирсэн. Оюутнуудад халуурах зэрэг ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээний хариу гараагүй байна" гэлээ. 

Мөн тэрбээр ХӨСҮТ-д энэ сарын 19-нд  тусгаарлагдсан нэг хүн, Завхан аймагт тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй гэдгийг онцлов.