Дархан-Уул аймагт коронавирусний эрсдэлээс сэргийлэхээр энэ сарын 17-нд тогтоосон хатуу хөл хориог өнөөдөр 06.00 цагт цуцалж, бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ.

Энэ талаар ЭМЯ-наас фейсбүүк хуудсаараа дамжин мэдээлэхдээ, “Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомтыг хумин, төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтлыг хяналтадаа авлаа. орууллаа. Ингэснээр халдварын тархалт хумиж, тэг зогсолтыг цуцалж байна” хэмээжээ.

 

Тус аймгийн Онцгой комисс өчигдөр буюу энэ сарын 20-ны 22.00 цагт хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна.

- ''0" зогсолтыг 21-ний 06:00 цагт цуцална. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

-18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.

- Үйл ажиллагаа явуулах ААНБ-ууд ажилтнууддаа 100 хувь шинжилгээнд хамруулах, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.

-Дотуур байранд байгаа оюутнууд 12 дугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг, орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.

-Сум хооронд хөдөлгөөн хийхгүй.

- Дархан хотыг 4 үндсэн блокт хувааж хязгаарлана. Өөр блокруу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно.

-Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай.Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

 

4 бүс:

 

1. 1-3 дугаар баг (тосгон)

2. 4-8 дугаар баг (хуучин дархан)

3. 9-12,  15 дугаар баг(шинэ хороолол+ мангирт)

4. 13,14,16 дугаар баг( хуучин хороолол)

 

Ташрамд дурдахад, Дархан-Уул аймагт энэ сарын коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 15 мянга 555 хүнээс түргэн оношлуур болон PCR шинжилгээ аваад байна. Үүнээс 16 хүнд халдвар илэрсэн юм.

 

Ч.Ариунболд

Эх сурвалж: Монцамэ агентлаг