Хуулиар хорон санаа, хорсол заналаа илэрхийлдэг болсон гэвэл та итгэх үү?! Хууль ямар шог зураг биш, тэгээд ч төрийн бодлогын нэг хэсэг болсон хуулийн “бие даасан” байдалд /одоохондоо ийм нэр томъёо хараахан гараагүй байгаа ч/ халдах гэлээ  гэж зэмлэх хүн ч гарч мэднэ. 

Гэвч харамсалтай нь хууль гэдгийг өөрийн ноёрхлоо тогтоох, бусдыг луйвардах, дээрэмдэх эрх, гэмт хэргээ ял шийтгэлээс зайлуулах хэрэгсэл болгон ашиглаж, хууль гэдэг бол УИХ-ын гишүүний ашиг сонирхолыг хангах “зэвсэг” гэж ойлгодог болтлоо хуулийн бодлогыг гажуудуулж ирсэн нь нууц биш ээ. Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хууль, “хөөн хэлэлцэх хугацааны” нэмэлт, өөрчлөлт ... гэх мэтээр ял шийтгэлээс өөрсдийгөө сугалж авч үлдэж байхад иргэд “Тэр хуулийг хэн санаачилж оруулав?” гэх төдий жаахан шуугисгээд л өнгөрч байлаа.  

Зохион байгуулалттай луйвар хийх зорилго сэдэл бүхий заалтыг “Иргэний хууль”-д оруулж байхад нийт ард иргэд байтугай хохирсон иргэд ч тэр тухай мэдэхгүй, ойлгохгүй л өнгөрцгөөж ирсэн. Хаана хандахаа мэдэхгүй, хандах ч газаргүй, аргаа барж хохироод сууцгааж байгаа иргэд одоо ч байж л байна. 

 

Хулгай луйврыг “өдөөсөн” хуулийн замчлал 

 

2005 онд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулж ирсэн 154 дүгээр зүйлийн заалтууд тэр сэдлийн нэг хэсэг нь юм. Тухайлбал 154.3-т “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэсэн заалт бий. Утга нь тун тодорхой. Өөрөөр хэлбэл “бусдын юмыг эзэнд нь мэдэгдэлгүй барьцаанд тавьчих” гэсэн утга. Анхны бүтэн заалт нь “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ.” гэж байсныг Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор арын үгүүлбэрийг хүчингүй болгосон байдаг.  

Ийм заалт оруулах хэрэгцээ анх хэнд гарсан нь ч ойлгомжтой. Шуудхан хэлэхэд анхны санаа нь “Барилгын компани”-ийн нууц ноёдынх. 

Өөрөөр хэлбэл “Бусдын юмыг хулгайгаар ашиглах эрхийг бидэнд хуульчилж өг!” гэсэн хүсэлт-шаардлагыг тэд тавьж /лоббидож/, харин УИХ тэр хүсэлтийг нь хүлээн авсан ч эхлээд жаахан нэрэлхэж, “Чи хулгай хийхдээ ямар ч гэсэн эзэнд нь дуулгачихаарай!” гэж. Гэтэл Үндсэн хуулийн Цэц “Эзэнд нь мэдэгдэж хулгай хийх гэж юу байсан юм бэ!” гэж залруулснаар УИХ “За нээрээ тийм юм аа, Цэцийн зөв!” гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. 

Тэгээд зогссонгүй “... Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий” гэгчээр мөн хуулийн 154.5-д “Энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээг байгуулсан дарааллаар хангана” гэж /өөрөөр хэлбэл бусдын юмыг хулгайгаар хэд хэдэн газар зэрэг барьцаалаад залилан хийж болно гэж/,  154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүйг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж /өөрөөр хэлбэл эхний барьцаанд авсан хүн нөгөө эд зүйлийг өөртөө үлдээж, бусад нь заргалдаж хөөцөлдөж байгаад юм олж авч чадвал аз, чадахгүй бол хохь гэж/, 154.7-д “Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна” гэж тус тус заасан байгаа юм. 

Мөн цайчихсан луйварчид шүү! УИХ-аас хуульд оруулсан эдгээр заалтуудыг ашиглан мөн ч олон хулгайч, луйварчид шинээр тодрон, гэмт хэрэгтэн болцгоож, тэдгээр хулгайч луйварчдад орон байраа алдаж олон ч иргэн гудамжинд гарч хохирсон. 

Чамайг сайхан орон сууцтай болгоно гэж мөнгийг нь авч байр барьж, “за энэ чинийх” гэж зааж харуулчихаад орон сууцны өмчлөн эзэмшигчийн эрхийн бичгийг /ордерыг/ нь өгөлгүй, хэд хэдэн банкинд зэрэг барьцаалж зээл аваад  алга болсон гэмт хэрэг хичнээн гарсныг, тэр нь ямар олон хувилбартай гэмт хэрэг болж өссөнийг хууль сахиулах байгууллагынхан, өмгөөлөгч нар сайн мэдэж байгаа. 

Одоо ч гэсэн “Төлбөрийг нь аль хэзээний барагдуулаад, захиалсан орон сууцандаа орчихсан боловч ордероо авч чадахгүй байна. Байрыг минь орон сууц барьсан барилгын компани хэд хэдэн банкинд барьцаанд тавиад зээл авчихсан юм байна. Өчнөөн чирэгдэл учруулж байна” гэх орон байраа алдах нь гэсэн айдаст автсан оршин суугчийн бухимдал, гомдол тасрахгүй л байгаа. 

Энэ л заалтуудын улмаас олон хүн “Танд хувь өгнө, эрхийн бичгийг чинь тун удаахгүй буцааж өгнө” гэж хуураад, эсвэл бүр хулгайлж банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнд барьцаалж, зээл аваад зуларсан гэмт хэргийн хохирогч болон үлдсэн. 

Бас залилан мэхлэгч, хулгайч нарт “атгуулсан” багахан зээлийхээ төлөөсөнд “Та нар эрхийн бичгийг чинь хуурч, хулгайлж авсан тэр хүнээсээ л хохирлоо нэх!” хэмээн орон байрыг нь, эд хөрөнгий нь “шударга эзэмшигч”-ийн давуу эрхээр шүүхээр нэхэмжлэн авч, ямагт ашигтай ажилладаг “гоё бизнес”-тэй мөнгө хүүлэгч нар ч бий болсон. Энэ бол нэг л жишээ, нэг л арга хэлбэр нь.   

Ингэж хуулийг хулгайч луйварчид бэлтгэх арга хэрэгсэл болгож, иргэдийг гэмт хэрэгт хөтөлж, өөрсдөө хөлжиж, хөрөнгөжсөн ч түүндээ сэтгэл ханасангүй. 

 

“Өд сөдийг нь зулгаан наадах” хүслээр ...

 

“Торонд хийсэн шувууны өд сөдийг зулгаан наадах”-ын адил ард иргэдийн амьдралыг зулгаан, зугаацах гэсэн хүсэл шунал, хорон санаагаа хуулиар илэрхийлдэг болтлоо манай УИХ-ын баталдаг “хуулийн бодлого хөгжин тэлэв”. 

Чухам тэрхүү увайгүй гаж донг нь илэрхийлсэн ”хуулийн бодлогын оргил” нь Зөрчлийн тухай хууль юм. Энэ хуулийн заалтуудыг судлаад үзэхээр нөгөө “Надтай арсалдвал яадгийг чамд харуулья л даа!” гэх заналхийлэл мэдрэгдэнэ. Тодруулж хэлвэл энэ хууль “өөрийнхөө хүнд урамшуулал олгодог”, өшөөтэй нэгнийг бол “амьдралгүй болгодог”, тун хэрэгцээтэй “зэвсэг”. 

Жишээ нь “300 тэрбумыг жамирчихсан” өөрийн талын гэмт хэрэгтнээ 30 сая төгрөгөөр торгоод, “Үлдсэнийг нь чамд өвлүүллээ шүү!” гээд явуулах нь “урамшуулал шагнал” мөн. Өл залгах хоолоо олж ядаж яваа нэгнийг “хөл хорионы журам зөрчлөө” гээд 30 сая төгрөгөөр торгох нь “өшөө хорслоо” тайлсан хэрэг мөн. 

Тиймээс ч Улс оронд нийгэм, улс төр, эдийн засгийн томоохон үйл явц болохын өмнө хорхойссон анчин буу зэвсгээ арчиж зэхэх шиг, мал муулахаар хутгаа хурцлах шиг УИХ-д залрагсад /МАН, АН-ын/ “өшөө хорслын зэвсэг” болсон “Зөрчлийн тухай хуулиа” засаж өөрчилж бэлтгэдэг болсон.      

 

Өрсөлдөгчдөө “чөдөрлөх” заалтууд

 

Тухайлбал 2020 онд болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд зориулан тусгайлан 2019 оны 12 дугаар сарын 20-нд Зөрчлийн тухай хуульд “Арвандолдугаар бүлэг: Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил” гэсэн бүхэл бүтэн бүлэг нэмж, 2020 оны 01 дүгээр сарын 30-нд 17.1 дүгээр зүйл буюу “Сонгуулийн хуулийг зөрчих” гэсэн 57 заалт бүхий “өөрчлөн найруулсан” засвар хийсэн байгаа юм. Тэгэхээр Зөрчлийн тухай хуулиар ингэж их анхаарсан УИХ-ын Сонгуулийн хууль гэгч нь “хэнд, ямар эрх чөлөөг эдлүүлэх” гэж хичээсэн болох нь ойлгогдоно.     

Жишээ нь Сонгуулийн тухай хуулийн 51.4-т “Нам эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй”, 57.5-д “Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, 54.1-д “Мөнгөн хандив нь иргэний хувьд 5 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 20 сая төгрөг хүртэл байна”, 54.4-т “Хандив өгч байгаа иргэн хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаархи мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ. 54.5-д “Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” гэж тус тус заасан. 

Эдгээр заалтыг хараад нээрээ Монголын төрийг эрхэндээ авахын тулд “урвагч” нэр дэвшигчид гаднаас их хэмжээний хандив өгч магадгүй. Тэрчлэн сонгуулийн сурталчилгаа гэх нэрээр эрх мэдлээ ашиглан төсвийн мөнгөнөөс зувчуулан завшиж, хэдэн арван саяар нь бие биедээ “бэлэглэж” мэднэ. Тиймээс босго тогтоон хянаж, хуудуутай мөнгийг хурааж авах нь туйлын зөв. Түүнийг хянахын тулд Төрийн аудит, банкны салбарууд ч нүд цавчихгүй ажиллах нь дээ гэж бодогдоно. 

Гэвч харамсалтай нь эдгээр заалт тэдгээр хандивт хяналт тавих зорилго агуулаагүй. Тийм хандив бүртгэлтэй тэр дансаар нь орж ирэхгүй гэдгийг ч эрх баригчид сайн мэдэж байгаа. Ер нь бол тус хуулийн 37.3-т заасан “... 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж” болохыг зөвшөөрсөн заалт болон сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон /тухайлбал 29-р тойрог буюу ХУД-т нэр дэвшигчийн зардал 672,2 сая төгрөг байх/ шийдвэрээс “чи их мөнгөтэй байж л сонгуульд нэр дэвших ёстой шүү!” гэсэн сануулгыг ойлгож болно.   

Тэгвэл энэ заалтууд ямар зорилготой юм бэ гэж үү?!

Ердөө л өрсөлдөгчдөө хянаж цагдан, сонгуулийн сурталчилгаагаа хийх өчүүхэн ч боломж олгохгүй, ямар ч хандив авахуулж өгүүлэхгүй байх л зорилготой байсан юмсанж. 

Хандив өгөх хүн нэр, хаяг, регистрийн дугаараа заавал бичих ёстой гэсэн тэрхүү заалт нь МАН-ынхаас бусад нэр дэвшигчид хандив өгвөл хороо захиргаанаас эхлэн төрийн бүх үйлчилгээнд “өөр намын этгээд” гэгдэн гадуурхагдана гэх айдсыг ядарсан иргэдэд төрүүлэх, тиймээс бичилгүй өгвөл “зөрчил” гэгдэн торгууль хүлээлгэх арга байжээ. 

Энэчилэн 58.4-т “нэр дэвшигч, нам эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, ... гэх зэрэг заалтууд нь асар их мөнгө зарж, олон туслах, ухуулагчдыг хөлслөн авч ажиллуулах боломжгүй, зөвхөн өөрсдөө л “гүйж” сонгуулийн сурталчилгаагаа биечлэн хийхээс аргагүй, мөнгө санхүүжилтгүй, бие даагч, “жижиг” намуудын нэр дэвшигчдийн хувьд ажлын том садаа, “чөдөр тушаа” болж чадсан.

Тэртэй тэргүй эцсийн тайланд нь бүх хандив, зарцуулалт нь харагдах байтал явцын тайлан нэхэх ямар хэрэгтэй байв?! гэсэн асуулт тэрхүү “чөдөр тушаа” үүсгэх нэг арга нь байсныг ойлгуулна. Тэгээд бүр цар тахал гэдгээр далимдуулан тайлан, мэдээг цахимаар өг! гэх мэтээр давхар гацаа үүсгэж, хуулийн заалтыг хэрэгжүүлэх харилцааны боломжийг үгүй болгож байсныг ч энд тоочих нь илүүц.    

Гэвч энэ бүхэндээ тэд сэтгэл ханасангүй.  

 

“Арсалдвал яадгийг” амсуулна ...

 

ХУД-ийн ЗДТГ-ын Санхүүгийн алба болон Татварын газраас утасдаж, “Таны сонгуулийн сурталчилгааны зардлын талаар Зөрчлийн тухай хуулиар Танд торгууль тавих болоод байна. Та нэг хүрч ирж уулзаач!” гэж дуудав. Эхлээд би нэг л дуудлага гэж ойлгосон нь хоёр тусдаа “хэрэг” болж таарав. Нэг нь эцсийн тайлан зөрчилтэй гэдгээр, нөгөөх нь явцын тайлан ирүүлээгүй гэдгээр тус тусдаа зөрчлийн хэрэг үүсгэгдэж, тус бүрт 10-30 сая төгрөгийн торгууль төлөх гэнэ. 

Тэгсэн ганц би биш, бас зөвхөн ХУД-ээс ч дуудсан юм биш байж. Сонгуулийн тайланд холбогдох хуулийн заалтын дагуу хэдэн зуун “нэр дэвшигч” Зөрчлийн хуулиар “залхаагдах” жагсаалтад орсон дуулдав. Тэдэн дотор гадаадын иргэд байгууллагаас, эсвэл төсвийн хөрөнгөнөөс хүртсэн, хуулинд заасан босго давсан хандив авсан хүнгүй гэнэ. 

Миний мэдэхээр мөнгөгүйгээс, сурталчилгаа ч хийж чадаагүй, тэг дансны хуулгаас өөр тайлан гаргах баримтгүй нэр дэвшигч явцын болон эцсийн тайланг өгөөгүй “хэргээр” 40 сая төгрөгийн торгууль төлөх хуудас хүлээж авсан ч дуулдав. 

“Тэртэй тэргүй хуулга нь банкнаас Аудитын газарт очсон болохоор тэр ганц хуудсаа давхардуулж аваачиж өгөх хэрэггүй биз гэж бодсон” нь Сонгуулийн болон Зөрчлийн хуулиар “ноцтой зөрчил” гаргасан этгээд болж байгаа нь энэ.  

Энэхүү залхаан цээрлүүлэх ажиллагаагаа гүйцэтгэхийг тэгээд тухайн тойрог дүүргийн санхүү, татварын байцаагч нарт үүрэг болгосон ч олонхи байцаагч нарт энэ нь таатай санагдахгүй байгаа бололтой. 

Регистрийн дугаараа бичээгүй найз нь 5 мянган төгрөг хандив болгож өгсөн дансны хуулга бүхий тайланг Сонгуулийн хуулийн заалт зөрчжээ гээд Зөрчлийн хуулиа бариад 30 сая төгрөгөөр торгох нь Татварын байцаагч нарын гарт нь буу бариулаад гэмгүй нэгнийг “бууд” гэж шаардахтай адил хүнлэг сэтгэлтэй зөрчилдсөн балмад явдал болж байгаа нь ч мэдээж. 

Энэ бол МАН-ын эрх баригч бүлэг хуулийг ямар балмад хэргийн “залуур” болгож байгаагийн баримт юм. 

Үүн дээр нэмээд дахин нэг заалт дурьдахад, Зөрчлийн тухай хуулийн  Арвандолдугаар бүлгийн 17.1 дүгээр зүйлийн 36-д “Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж байгаа мэдээллийн ажиллагаанд хуулиар эрх олгогдоогүй хүн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. 

Өөрөөр хэлбэл энэ нь сонгуулийн санал тоолох автоматжуулсан систем рүү халдаж саналын дүнг зассан өөрийнх нь талын хүн /хаашаа ч бултах аргагүй баримт нотолгоотой илчлэгдсэн үед л/ баригдвал 10 сая төгрөгөөр торгоод өнгөрнө гэсэн үг. /Энэ хэрэг нь явцын тайлан өгөөгүй хэн нэг нэр дэвшигчийн зөрчлөөс “жижиг” зөрчилд тооцогдох нь/ Харин “дайсны тал”-ыг бол Төрийн эрхийг хууль бусаар авах Төрийн эсрэг аюултай гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хуулиар ял шийтгэл онооно. Чухам “Зөрчлийн тухай хууль” гэгчийг Эрүүгийн хуулиас тусд нь “бүтээсний” цаад зорилго энэ. 

Дашрамд дурьдахад 2020 оны УИХ-ын сонгуулиар санал тоолох автоматжуулсан системд хөндлөнгөөс нэвтэрч, зарим нэр дэвшигчийн саналын дүнг цэг таслал тавьж байгаад зассан тухай маргаан өнөөг хүртэл яригдсаар байгаа. 

Тэрхүү халдлага үйлдсэн этгээдүүд нь баримт нотолгоотой илчлэгдээгүй болохоор тусгайлан бэлдсэн энэ заалтыг нь хэрэглэх шаардлага гараагүйд идэвхи санаачлага гарган энэ заалтыг оруулсан эзэн сэтгэл гонсгор л суугаа байх даа хөөрхий!     

О.Лхагвадорж

sonin.mn